Монголбанк зургадугаар сарын 12-нд нэг шийдвэр гаргасан. Тэтгэврийн зээлд шинэ дүрэм тавьж, цаашаа 50:50 зарчим мөрдөнө гээд тогтоол гаргачихав. Өөрөөр хэлбэл, ахмадууд тэтгэврийнхээ талыг зээлд өгч болно, нөгөө талыг нь амьдралдаа л зарцуул. "Бүгдийг нь зээлд өгөөд, өөрсдөө өлбөрч болохгүй шүү" л гэсэн санаа.
Харин өмнө нь тэтгэврийнхээ хэдийг зээлд тавих вэ гэдгийг амьжиргааны доод түвшинтэй харьцуулж шийддэг байв. Жишээлбэл, тэтгэвэр 689 мянга байлаа гэхэд хүн амь зуух мөнгө нь хүрч байвал үлдсэнийг нь зээлд тавьдаг байж. Харин одоо бол юу ч болсон 50 хувь нь заавал өөртөө.
Ингээд тооцвол, ахмадууд дунджаар 4.5 сая төгрөгийн зээл авах боломжтой болж. Өмнө нь бол 2.2 сая байсан. Гэхдээ 4.5 сая гэдэг бүгдэд хамаарахгүй. Зарим нь тэтгэвэр бага, зарим нь өртэй. Хөрсөндөө хялбар биш.
Монголбанкны үзэж байгаагаар, зээл хэт олширч, хэрэглээний зээл инфляц, санхүүгийн тогтвортой байдалд дарамт үзүүлээд байгаа юм байна. Тэтгэврийн зээл гэхэд л нийт хэрэглээний зээлийн 15 хувийг эзэлдэг. 1.8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй гээд бод доо. Дундаж зээлдэгч сар бүр 800 мянга орчим төгрөг төлж байна. Энэ чинь нийт тэтгэврийнхээ 83 хувь гэсэн үг. Үнэндээ ахмадууд зээлэндээ “дарлуулж” байгаа дүр зураг харагдаж байна.
Тэтгэврийн зээлийн чанаргүйдэл 11.7 тэрбумд хүрч, өмнөх оноос 116 хувиар өссөн гэнэ. Тоон дээрээ жижиг мэт харагдаж болох ч, хурд нь бол сандармаар. Учир нь энэ зээлүүд арилжааны банкнаас, харин банкуудын мөнгө чинь иргэдийн хадгаламж шүү дээ. Хэрэв зээл чанаргүйдвэл хэн хохирох вэ гэдэг асуулт шууд босно.
Харин нөгөө талд ахмадууд туйлдаж байна. Р.Дэлгэрмаа гэх ахмад “Бид хоёр ажил хийж, зээлээ амжуулах гээд л ядарч байна. Одоо бол бүр зээлээ ч авч чадахгүй боллоо” гэж бухимджээ. Ц.Нарангарав гэх ахмад “Зээл маань хасагдаад, хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Хүүхдүүддээ зээлээ өгдөг байсан, одоо бол юу ч үгүй” гэж шүүмжилсэн байна.
Нөгөө талаар Монголбанк зээлийн хүүг бууруулахын тулд банкуудад НДС-ийн чөлөөт үлдэгдлээр санхүүжилт хийх хувилбар санал болгосон. Гэхдээ банк болгон өөрийнхөөрөө явдаг тул иргэдэд шууд үр дүн нь ирэхгүй нь ойлгомжтой.
Сануулахад, 2020 онд Х.Баттулга тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж байв. Тэр үед “Эрдэнэс Монгол” компани бонд гаргаж, Төв банк худалдаж авсан. Гэхдээ өнөөдөр бол бондын эргэн төлөлт хийгдээгүй, Засгийн газар хариуцах ёстой гээд Төв банк хүлээгээд л сууж байгаа.
Эцсийн дүнд Монголбанк эдийн засгаа хамгаалъя гэж энэ шийдвэрийг гаргасан. Гэхдээ бодит байдал дээр бага тэтгэвэртэй, зээлээс амьдралаа залгуулдаг ахмадуудын хувьд энэ нь "амьдралын аврал" биш, харин ч илүү дарамт болчихоод байна. 50:50 зарчим зөв сонсогдож болох ч, хэт бага тэтгэвэртэй хүмүүсийн хувьд бараг л "зээл авч болохгүй" гэсэн үг болчихлоо.
Монголбанк дүрэм шинэчилсэн. Хэрэглээний зээл хазаарлах зорилготой. Гэхдээ бодлогын цаана хүн байна. Ахмадууд бол зээлгүй бол амьдралаа авч явж чадахгүй байдалд орсон. Тоо бол нэг хэрэг, харин цаадах нь амьдрал дээр яаж бууж байгаа вэ гэдэг л чухал.