Dark Light
Нийгэм | 2025-08-12

Б.МӨНХТАМИР: БИ 30 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
"МИАТ ТӨХК"-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Саяхан МИАТ компанийн хоёр нислэгэд техникийн ойр ойрхон саатал гарсан тухай мэдээлэл гарсан байна. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ? Ер нь нислэг эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хэрхэн хангах ёстой вэ? Мөн нислэг хөөрсний дараах дагалдаж зааварчилгаа, буцаж газардах зэрэг үйл явц хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгөх боломжтой юу?
 
-Эхний тохиолдол нь долдугаар сард, дараагийнх нь наймдугаар сард гарсан гэж мэдээлж байна. Ер нь авиа компанийн хувьд аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангах зорилгоор иймэрхүү хэмжээний техникийн дутагдлууд байнга гарч байдаг. Гэхдээ эдгээр хоёр тохиолдлыг онцлон авч үзэхэд, Долдугаар сард Улаанбаатараас Бээжин чиглэлд нисэж байсан МИАТ компанийн Боинг 737 онгоц агаарт гарсны дараа нислэгийн багийн хурдны хэмжүүрүүд зөрүүтэй байсныг илрүүлсэн. Энэ тохиолдолд дүрмийн дагуу онгоцыг буулгаж, шалгах шаардлагатай байдаг. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс уг онгоцыг Буянт-Ухаа, Чингис Хаан нисэх буудлуудад буулгаж, 2 цагийн дотор нарийвчилсан шалгалт хийж, дахин нислэгт гаргасан байна.
 
Агаарын хөлгийн үйл ажиллагааны үндсэн зааварчилгаанд нислэгийн аюулгүй ажиллагаа нь хамгийн чухал байр суурь эзэлдэг. Авиа компаниуд нислэгийн явцад аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй ажилладаг. Онгоцны эд ангиудыг хатуу болон хатуу бус хугацаатайгаар заасан хугацаандаа сольж, бүрэн ажиллагааг хангадаг.
 
Харин наймдугаар сарын 4-нд гарсан тохиолдолд, Токио-Улаанбаатар чиглэлийн Боинг 737 Макс онгоц агаарт гарснаас хойш нэг цагийн дараа онгоцны кабин доторх агаарын даралт буурсан тухай мессеж нисгэгчийн кабин дээр гарсан. Нисгэгч аюулгүйн өндөрт буюу 34,00 орчим фут дээр нисэж байсан тул нислэгийн протоколын дагуу доош уруудаж, аюулгүй өндөрт шилжсэн байна. Ингээд нислэгийг шалгах үүднээс Осакагийн нисэх буудал руу буулгаж, аюулгүй байдлын бүрэн шалгалтыг хийсэн.
 
Олон нийт үүнийг осол гэж ойлгох тохиолдол бий, гэхдээ энэ нь аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хийгдсэн шалгалт бөгөөд нислэгийн аюулгүй байдлыг баталгаажуулах үйл ажиллагаа юм. Онгоцыг шалгаж аюулгүй гэж тогтоосны дараа дахин нислэгт гаргасан.
 
Осолд өртсөн онгоцны зорчигчдыг бусад онгоцоор тухайн газарт авсан бөгөөд газар буусан онгоцыг Боинг компанийн зааварчилгааны дагуу нарийвчилсан системийн шалгалтанд оруулсан. Системийн алдаанууд арилсан тул онгоцыг зорчигчгүйгээр Улаанбаатар руу авчирч, нарийвчилсан үзлэгт оруулсан.
 
Ингээд наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн онгоц дахин тээврийн нислэгт орсон.
 
-Токиогийн нислэгийн тохиолдол хэчнээн цаг саатсан бэ? Зорчигчид энэ хугацаанд хаана байсан бэ?
 
-Токио хотоос Улаанбаатар луу орон нутгийн цагаар 14:30-д нисдэг онгоц энэ удаад 20:30-д буух хуваарьтай байсан. Гэхдээ асуудал гарч, онгоц Осака хотод яаралтай буух шаардлагатай болсон. Ер нь онгоц цэгээс цэг рүү нисэхдээ тухайн зайгаа туулах шатахуун хангалттай авдаг юм. Токиогоос Улаанбаатар хүртэлх шатахууныг бүрэн авчихсан байсан. Гэхдээ асуудал гарсан учраас Осака хотод шатахуун зарцуулах шаардлага үүссэн.
 
Ингээд онгоц Осака хотод очиж, аюулгүй түвшинд хүрсний дараа орон нутгийн цагаар 18:00-д газардсан. Зорчигчдод энэ аюулгүйн буулт амаргүй л байсан байх. Яагаад гэвэл гэнэт газардах шаардлага гарч ирсэн учраас сэтгэл санаанд нь нөлөөлөх тал бий.
 
Осака хотод буусан зорчигчдыг хоол унд, амралтын нөхцөлөөр хангаж, түр хүлээлгэж байгаад дараагийн нислэг нь орой 22:40-д хөөрсөн байна. Тэгээд орой хөөрөөд шөнө дунд, өглөөний 4 цагт Улаанбаатарт газардсан.
 
-Одоо инженер техникийн ажилтнууд нь өөрсдийн дотоодын агаарын хөлгүүдээс гадна гадаадын авиа компаниудын агаарын хөлгүүд дээр ч ажиллах ур чадвартай гэж тооцогддог. Ер нь инженер техникийн ажилтнуудын тоо, хүний нөөц хэр хүрэлцээтэй байна вэ? Боломж нөхцөл нь ямар байгаа юм бэ?
 
-Манай Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь зөвхөн МИАТ компанийн онгоцонд засвар үйлчилгээ үзүүлэхээс гадна Европын Холбоо, АНУ, Азийн хоёр гурван оронд олон улсын гэрчилгээтэйгээр хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ хийдэг байгууллага юм.
 
Үндсэндээ 250 гаруй инженер техникийн ажилтантай.
 
Бид өөрсдийн 10 гаруй агаарын хөлгийн засвар үйлчилгээтэйгээс гадна жилд гаднын 7-8 онгоцонд хүнд хэлбэрийн засвар үйлчилгээ үзүүлж, орлого олдог.
 
Манай инженер техникийн ур чадвар дэлхийн түвшинд хүрсэн бөгөөд цалин хөлс ч мөн түүнд тохирсон.
 
Бид шаардлагатай нислэгт зориулсан тэнцвэрийн гэрчилгээг цаг тухайд нь авч, засвар үйлчилгээг тасралтгүй хийж явдаг.
 
Саяын тохиолдолд он кондишн буюу онгоцны зарим системд гарсан асуудлыг тухайн үед шууд засварласан. Энэ тохиолдол нь аюулгүй ажиллагааны горим алдагдсан гэхээсээ илүү, дүрмээ зөв мөрдсөн гэж үзэж байна.
 
Ер нь онгоцны хаалга хаагдсанаас хойш нисгэгчийн эрх мэдэл дээр онгоц шилждэг. Агаарт нисч байхдаа аюулгүй ажиллагаатай холбоотой ямар нэг асуудал гарвал нисгэгч өөрөө бие даан шийдвэр гаргах үүрэгтэй.
 
МИАТ-ын нисгэгч нар жилд хоёр удаа чадвар сургалтад сууж, ур чадвараа байнга дээшлүүлж, нисгэгчийн үнэмлэхээ шинэчилж байдаг.
 
Ямар ч нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан төлөвлөсөн, бэлэн байх ёстой гэсэн үг юм.
 
-Энэ оны эхний хагас жилийн буюу долоон сарын байдлаар санхүүгийн үзүүлэлтүүд гарчихсан байгаа байх? Төрийн өмчит компаниудыг хувьчлах жагсаалтад МИАТ компанийн нэр бас орсон байсан?
 
-МИАТ компанийн зорилтот төлөвлөгөө нь мэдээж ашигтай ажиллах зорилготой байдаг. Та бүхэн бас санаж байгаа байх, 2024 оны эхний хагас жилээр МИАТ компани алдагдалтай ажилласан гэж мэдээлэгдэж байсан.
 
Ер нь Монгол Улсад агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын бизнесүүд хагас жилээр ихэвчлэн алдагдалтай гардаг. Учир нь энэ салбарын ачааллын оргил үе нь зуны 6-9 дүгээр сар байдаг тул 1-6 дугаар сард ашиг багатай, алдагдалтай байх нь хэвийн үзэгдэл юм.
 
Би санхүүгийн тайланг нарийвчлан хараагүй ч жил бүр ийм л байдалтай явдаг гэж ойлгож байгаа. Харин оны эцэст нөхөн сэргэх боломж гардаг гэж найдаж байна.
 
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит томоохон байгууллагуудыг тодорхой хэмжээгээр олон нийтэд нээлттэй болгох санал гаргасан. Би үүнийг зөв гэж харж байгаа.
 
Гэхдээ хувьчлах болон олон нийтийн нээлттэй компани болгох нь хоёр өөр ойлголт. Нээлттэй компани болсноор санхүүгийн тайлан, бусад мэдээлэл нь олон нийтэд ил тод болно гэсэн үг. Олон нийт өөрөө компанийн хувьцаанд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх боломжтой. Харин шууд хувьчлах нь өөр ойлголт юм. Тиймээс энэ асуудлыг зөв ойлгож, тодорхой түвшинд хэлэлцэх хэрэгтэй гэж бодож байна.
 
Нээлттэй компани болох нь ялангуяа төрийн өмчит компаниудад засаглал сайжрах, шилэн болох, сахилга бат, хяналтын тогтолцоо сайжрах боломж олгоно.
 
Мөн хөрөнгө оруулагчдын шаардлагаар аудитын компаниудыг сонгон, аудит хийх хугацаа, аргачлалыг тогтоох нь чухал. Энэ бүх зүйл зөв талдаа нөлөөлнө гэж харж байна.
 
-Та хувь хүнийхээ байр сууринаас, хувьчлахаас илүү олон нийтэд нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэж байна уу?
 
-Ер нь болбол нээлттэй болгоё л гэж ярьж байгаа ЗГ-аас. Тэгэхээр энэ нь өөрөө бас зөв шийдвэр байх аа л гэж бодож байна. За яах вэ тэгээд хувьчилна гэхээр мэдээж олон хэл ам худал дагуулдаг байлгүй. Монгол Улсад одоо энэ зах зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших одоо энэ 30 гаруй жилийн хугацаанд маш олон төрийн өмчийн байгууллагууд хувьчлагдсан. Зөв сайн муу зөндөө л олон хувьчлалууд болсон байх. Энэний нэг жишээ болчих гэдэг тийм хардлагууд бас байхыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ ер нь болбол одоо хувийн хэвшлийн оролцоотой байж байж компанийн засаглал өөрөө сайжирна за энийг тэгэхээр заавал хувийн хэвшил гэхээсээ илүү олон нийтэд олон нийтийн одоо хяналтад байлгах нь өөрөө зөв бол зөв л гэж харж байгаа.
 
-Одоо ирэх оны төсвийг төлөвлөж байгаа энэ үед төрийн байгууллагуудын цомхотгол буюу 9%-ийн ажлын байрыг чөлөөлөх асуудал яригдаж байна. Энэ нь МИАТ компанид хэрхэн нөлөөлөх вэ?
 
-МИАТ компанийн хувьд орон тооны хувьд эсрэгээрээ дутагдалтай байгаа. Та бүхэн бас мэдэж байгаа байх, сүүлийн 3-4 жилийн хугацаанд МИАТ компанийн онгоцны тоо огцом нэмэгдсэн.
 
Үүнтэй холбоотойгоор нисгэгч, үйлчлэгч, агаарын хөлгийн инженер техникийн ажилтнуудын тоо нэмэгдэхээс өөр аргагүй нөхцөл бий. Энэ салбар нь мэргэжлийн ур чадвар шаарддаг, мөн хүний нөөцийн дутагдалтай.
 
Тиймээс одоо байгаа боловсон хүчнээ хадгалж үлдэхгүйгээр цомхотгол хийх нь үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
 
МИАТ компани нь нийт 1098 орон тоотой бөгөөд үүнээс 945 нь үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд, үлдсэн нь дэмжих, захиргаа, санхүү, IT чиглэлийн ажилтнууд байна.
 
-Тэгээд яах вэ?
 
-Цомхотгол ямар хэлбэрээр явагдах талаар одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ цомхотгол хийгдвэл бид үйлдвэрлэлийн нөхцөл байдал, үйл ажиллагаагаа тодорхой тайлбарлаж байгаа.
 
Мэдээж нислэгийн үйл ажиллагааны хамгийн чухал тал нь аюулгүй ажиллагаа. Түрүүн ярьсанчлан, үйлдвэрлэлийн нэгжийн ажилтнууд хамгийн чухал үүрэгтэй.
 
Тиймээс энэ компанид чиг үүргийн давхардал байхгүй гэж үзэж байна. Монгол Улсад авиа компаниудын үйл ажиллагаанд ийм зүйл байхгүй гэж бодож байна.
 
МИАТ компани нь Монгол Улсад агаарын тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, газрын үйлчилгээ (граунд хендлинг) гэсэн гурван төрлийн бизнес эрхэлдэг төрийн өмчит ганц компани юм.
 
-Ойрд шинэ онгоц авах уу?
 
-Өнгөрсөн 7 хоногт МИАТ компанийн хамгийн сүүлийн онгоц болох Бомбардьер CRJ 700 маркийн агаарын хөлгийг хүлээн авлаа. Энэ онгоц орон нутгийн нислэгүүд болон Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээний чиглэлийн нислэгүүдэд ашиглагдах юм. 2024 оны 7 дугаар сарын 1-нээс Улаанбаатар-Шанхайн чиглэлийг шинээр нээж, амжилттай ажиллаж байна. Мөн энэ оны 8 дуусахад Улаанбаатар-Эрээний чиглэлийг нээхээр төлөвлөсөн бөгөөд 11 сарын 4-өөс эхлэн Улаанбаатар-Сингапурын чиглэлийг шинээр нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
 
-Америкийн нислэг хэзээ нээх вэ? 
 
-АНУ-ын чиглэлийн нислэгийг яг энэ цаг үед нээх нь хамгийн таатай нөхцөл бүрдсэн гэж бид үзэж байна. Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн АНУ болон БНХАУ-ын хооронд эдийн засгийн хориг арга хэмжээ явж байгаа тул Америк, Хятадын хоорондох нислэгийн давтамж эрс буурсан.
 
Өмнө 7 хоногт 160 орчим нислэг хийдэг байсан бол одоо ойролцоогоор 20 нислэг болж буурсан байна. Үүний үр дүнд МИАТ компани дамжуулан ачаа тээвэрлэх боломжийг Азийн болон Зүүн Өмнөд Азийн чиглэлээр олгох боломжтой болж байгаа юм.
 
АНУ-ын нислэг нээх бэлтгэл ажлын хүрээнд МИАТ компани шаардлагатай бүх ажлуудаа дуусгажээ. Одоо Монгол Улс буюу ИНЕГ нь АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж байна. Сая гарсан янз бүрийн дутагдал, зөрчилүүдийг ИНЕГ дүрмийн дагуу шалгаж, засварлаж байгаа.
 
Энэхүү шалгалт дууссаны дараа Монгол Улс АНУ-ын Иргэний нисэхийн байгууллагаас зэрэглэл авна гэсэн үг бөгөөд 1 дүгээр зэрэглэл авбал шууд нислэг хийх боломж нээгдэнэ. Тийм учраас бид одоо удирдах байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэн хяналт тавьж байна.
 
-Тэр шууд нислэг эхлэхэд МИАТ компанийн хэдэн онгоц холын нислэг үйлдэх вэ?
 
-Өнөөдрийн байдлаар МИАТ компанид холын нислэг үйлдэх өргөн биетэй 3 онгоц байгаа бөгөөд шууд нислэгийг эдгээрийн аль нэгээр нь хийхээр төлөвлөж байна.
 
-ТӨК-удын удирдлагуудын сарын цалинг зарлалаа. Тэр дунд Миат компани цалин бас гарчихсан байсан... 
 
-Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг зарлахад зарим талаар тодорхой бус, бүдүүлэг хэлбэрээр мэдээлдэг шиг санагдлаа. Жишээ нь, МИАТ компанийн захирал 30 сая төгрөгийн цалин авдаг гэж яригдсан. Гэвч би хэлэхэд, үгүй, би 30 сая төгрөгийн цалин авдаггүй. Зарим хүмүүс уул уурхайн компаниудтай андуурч ярьсан байх шиг байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00