Dark Light
Нийгэм | 2026-05-03

ҮНЭН ХЭЛЭХЭД ҮНЭ ТӨЛДӨГ ХЭВЭЭРЭЭ ЮУ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг энэ өдрийг 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей-н шийдвэрээр бий болгож, 1994 оноос хойш дэлхий нийтээр “санаж” иржээ. Санах гэдгийг зориуд хашилтад хийж байгаа юм. Учир нь бид энэ сэдвийг яг энэ өдөр л идэвхтэй ярьдаг, бусад үед нь мартах гээд байдаг талтай.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг гоё сонсогддог үг. “Үнэнийг хэлэх эрх” гэж тайлбарлавал бүр ч сайхан. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь романтик ойлголт биш. Харин ч тун энгийн, бараг хатуу асуулт: төрийг хэн хянах вэ? Хэрвээ хэвлэл хянахгүй бол төр өөрийгөө хянаж эхэлнэ. Тэр үед “хяналт” гэдэг үг утгаа алддаг.

Энэ өдрөөр бас нэг зүйлийг сануулдаг. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү гэж төрд хэлдэг өдөр. Мөн ажлаа хийж яваад амиа алдсан сэтгүүлчдийг дурсан хүндэтгэдэг. Өөрөөр хэлбэл, “үнэн” гэдэг заримдаа үнэтэй тусдаг гэдгийг сануулдаг өдөр.

Дэлхийн 100 гаруй улс энэ өдрийг тэмдэглэдэг. ЮНЕСКО жил бүр хаа нэгтээ форум зохион байгуулж, хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцдаг. Ярих нь хэрэгтэй ч хангалттай биш. Яриад л байвал бүх зүйл сайжирчихдаг байсан бол одоо бид огт өөр нийгэмд амьдарч байх байлаа.

Харин бодит байдлыг хэмжих нэг үзүүлэлт бий. Хил хязгааргүй сурвалжлагчид жил бүр улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг. Монгол Улс энэ жил 85-д жагссан байна. Өмнөх оноос 17 байраар урагшилжээ. Сонсоход боломжийн мэдээ. Гэхдээ жаахан холоос харвал өөр дүр зураг гарч ирнэ.

Сүүлийн арван жилийн жагсаалтыг сөхвөл манайх нэг дээшилж, хоёр доошилсон хэлбэртэй явж иржээ. 2015 онд 54-т байсан улс 2024 онд 109 хүрч унасан, дараа нь жаахан өндийсөн. Энэ бол тогтвортой ахиц гэхээсээ илүү савлагаа. Өөрөөр хэлбэл, бид яг хаашаа явж байгаагаа сайн мэдэхгүй л байна.

Хэвлэлийн эрх чөлөөг индексээр хэмжиж болдог ч жинхэнэ шалгуур нь өөр. Сэтгүүлч утсаа авахдаа санаа зовж байна уу, үгүй юу? Редактор нийтлэлээ гаргахын өмнө “энэ үнэн үү” гэж бодож байна уу, эсвэл “энэ хүнд таалагдах болов уу” гэж эргэлзэж байна уу? Энэ хоёр асуултын хариу л бодит байдлыг илүү тодорхой хэлж өгнө.

Бид индекс харж баярлах дуртай. Дээшилбэл “сайжирч байна” гэнэ, доошилбол “түр зуурын асуудал” гэнэ. Гэтэл үнэндээ индекс бол үр дүн. Харин шалтгаан нь ил тод бус харилцаанд, өөрийгөө цензурдэх хандлагад, айдас ба ашиг сонирхлын огтлолцолд байдаг.

Эцэст нь нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш. Энэ бол уншигч, үзэгч, сонсогч бидний эрх. Юу болж байгааг мэдэх эрх. Харин мэдэхгүй байх нь хэнд ашигтай вэ гэдгийг бодоход л хангалттай.

Тэгэхээр өнөөдөр баярын өдөр мөн үү? Тийм. Гэхдээ баярлах шалтгаан нь “бидэнд эрх чөлөө байна” гэдэгт биш, “эрх чөлөөг байлгах хэрэгтэй” гэдгийг санахад л оршиж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10