Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгавар гарлаа. Албан даалгавраар ХХААХҮЯ-ны бүтцийн холбогдох газар, хэлтэс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга нарт чиглэл чиглэлээр тодорхой арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг даалгав.
Тухайлбал, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний II үе шатыг эхлүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хэмжээнд эрчимжүүлэн ажиллах, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор хилийн боомтуудыг нэмэгдүүлэх асуудлыг судлан, шийдвэрлэхийг даалгалаа.
Түүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын санал танилцуулах, “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 16 аймагт үр дүнтэй зохион байгуулан хэрэгжүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бордооны хэрэгцээг нарийвчлан тогтоох, дотоодын бордооны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар бодлогын санал танилцуулах, махны экспортын хэмжээг өнгөрсөн жилийн суурь түвшингээс бууруулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллах, улсын хэмжээнд хөнгөн үйлдвэрийн салбарт экспортын баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, салбарын кластерийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр бодлогын санал танилцуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор арьс, ширийг стандартын дагуу боловсруулж, тээвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, эргэлтэд оруулах чиглэлээр судлан бодлогын санал танилцуулахыг үүрэг болгов.
Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг богино хугацаанд таслан зогсоох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, мал сүргийг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, мал, амьтны гоц халдварт өвчин бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй аймаг, сум дамжсан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг эрчимжүүлж, сэжигтэй мал, амьтныг нэвтрүүлэхгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг салбарын сайдын албан тушаалд дурджээ.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ХХААХҮ-ийн сайдын албан даалгавар нь агуулгын хувьд аймгуудын ХААГ-уудад чиглэсэн 10, МЭГ-уудад хандсан 7, яамны харьяа салбар, нэгжүүдэд хамаарах 64, салбар дундын 7, нийт 88 заалттай. Албан даалгаврын биелэлтийг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана гэдгийг онцлон тэмдэглэлээ.
АДМИН







Нийгэм







