Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2025.08.19/ болж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай, “Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба “Энхийг дэмжих ажиллагааны шинэчилсэн журмуудын тухай” журмын төслийг танилцуулж, Сайдын зөвлөлийн гишүүд холбогдох зарим асуудлыг тодотгон хэлэлцүүлэг өрнүүлж, тусгах саналын томьёоллоо ирүүлэв.
Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын Зөвлөлийн гишүүдээс энхийг дэмжих ажиллагаатай холбоотой шинэчилсэн журмуудын хүрээнд журмын заалтад нийцэхгүй зарим найруулгын алдааг засварлах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хүсэлтийг хараат бус, бие даасан байдлыг бий болгож цахимжуулах, тавигдах шаардлагад сэтгэлзүйн сорилыг тусгах, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид НҮБ-аас олгодог нөхөн олговрын хэмжээ 70/30 байсныг 80/20 болгох зэрэг саналыг оруулж, дэмжсэн юм.
Нөхөн олговрыг 80/20 болгох саналын тухайд, энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэхдээ Монгол дахь цалингаа 100%, хилийн чанадад байх хугацаандаа НҮБ-аас тогтоосон нөхөн төлбөрийн 70 хувийг хувьдаа, 30 хувийг сургалт, бэлтгэлийг хангах зориулалтаар Зэвсэгт хүчний “Хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй тухайн алба хаагчийн амьдралын баталгаа болсон уг нөхөн олговрын гарт олгогдох хувь хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй сайдын зөвлөлийн гишүүд үзэж, Засгийн газрын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах бэлтгэл ажлыг хангахыг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.
Хуралдааны төгсгөлд, НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн Мотобуудлагын батальоны удирдлагыг танилцуулснаар Батлан хамгаалахын сайдын анхдугаар хуралдаан өндөрлөв.