АНУ-ын хориг байгаа хэдий ч Хятадын их сургууль Nvidia-гийн хиймэл оюун ухаанд зориулсан H200 чипүүдийг худалдаж авсан болохыг баримт бичгүүд харуулж байна.
Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуангийн Бээжинтэй холбоотой байж болзошгүй тагнуулчтай харилцаатай байсан гэх асуудал анхаарлын төвд орж буй энэ үед Хятадын батлан хамгаалах салбартай холбоотой нэгэн их сургууль өнгөрсөн сард H200 загварын хоёр чип худалдаж авчээ.
АНУ-ын экспортын хар жагсаалтад багтсан хэдий ч Хятадын армитай холбоотой нэгэн их сургууль өнгөрсөн сард Nvidia компанийн хүчирхэг H200 хиймэл оюун ухааны чипүүдийг худалдан авчээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, Хятадын батлан хамгаалахын чиглэлээр мэргэшсэн элит сургуулиудын "Үндэсний батлан хамгаалахын долоон хүү" (Seven Sons of National Defense) бүлэгт багтдаг Баруун хойд политехникийн их сургууль (Northwestern Polytechnical University) өнгөрсөн сард хоёр ширхэг H200 чипийг 874,700 юаниар (123,000 ам.доллар) худалдан авсан байна. Энэ тухай мэдээлэл тус сургуулийн цахим хуудсан дээрх 10-р сарын 21-ний өдрийн худалдан авалтын бүртгэлд дурджээ.
Баримтаас харахад, тус сургуулийн менежментийн салбарт зориулсан чипүүдийг Nvidia компаниас шууд худалдаж аваагүй, харин "Shaanxi Bosuan Network Technology" компаниар дамжуулан авсан байна.
Reuters агентлагийн энэхүү мөрдөн шалгах нийтлэл нь Nvidia компани болон түүний гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг нарт Вашингтон хотод хяналт, шалгалт улам бүр чангарч буй үед гарч ирлээ. Тодруулбал, Хятад улсад хиймэл оюун ухааны (AI) чип борлуулахтай холбоотой хязгаарлалтыг сулруулахын төлөө Женсен Хуан лобби ажиллагаа явуулсан гэх мэдээлэл гарсан бөгөөд үүний зэрэгцээ түүнийг Хятадын тагнуулын ажиллагааны бай болсон байж болзошгүй тухай ч яригдаж байна.
NVIDIA H200 бол Hopper архитектур дээр суурилсан, байгууллагын дата төвд зориулагдсан график боловсруулах нэгж (GPU) бөгөөд өндөр бүтээмжтэй тооцоолол (HPC) болон их хэмжээний үүсгэгч хиймэл оюун ухааны (generative AI) ажлуудад тусгайлан зориулагдсан Nvidia-гийн хамгийн хүчирхэг чипүүдийн нэг бөгөөд үүнийг экспортлоход АНУ-ын тусгай зөвшөөрөл шаардлагатай байдаг. Гэвч "хар жагсаалт"-д орсон байгууллагуудад, тухайлбал Баруун хойд политехникийн их сургууль (Northwestern Polytechnical)-д ийм зөвшөөрлийг ихэвчлэн олгодоггүй.
Худалдан авалтын баримт бичгүүдээс харахад, Нортвестерн Политехник Их Сургууль (Northwestern Polytechnical University) энэ онд Хятадын компаниудаас тооцооллын хүчин чадал түрээслэх таван гэрээний хүрээнд H200 чип болон Nvidia-гийн бусад хүчирхэг хиймэл оюун ухааны (AI) процессоруудыг ашиглах эрхийг худалдан авчээ.
АНУ-ЫН ХАР ЖАГСААЛТ
Баруун хойд бүсийн Сиань хотод байрладаг Баруун хойд политехникийн их сургууль нь цэргийн нисэх онгоц, пуужин болон хиймэл дагуулуудтай холбоотой судалгаа хийдэг.
АНУ-ын Худалдааны яам тус их сургуулийг пуужингийн зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагаанд оролцсон, мөн цэргийн судалгаа шинжилгээ хийсэн гэх үндэслэлээр 2001 онд худалдааны хар жагсаалт буюу "Аж ахуйн нэгжүүдийн жагсаалт" (Entity List)-д оруулж байжээ. Улмаар Вашингтоны эрх баригчид 2019 онд уг хязгаарлалтаа улам чангатгасан бөгөөд үүний үр дүнд АНУ-ын хяналтад байдаг технологийг тус сургуульд экспортлох тусгай зөвшөөрөл олгохоос ихэнх тохиолдолд шууд татгалзах хатуу бодлого баримтлах болсон байна.
Баруун хойд политехникийн их сургуулийн (Northwestern Polytechnical) энэхүү худалдан авалт нь Хятадын цэргийн салбартай холбоотой байгууллагууд АНУ-ын хиймэл оюун ухааны (AI) тооцоолон бодох хүчин чадлыг дотоодын бэлтгэн нийлүүлэгчдээрээ дамжуулан хэрхэн авсаар байгааг бэлхнээ харуулж байна. Тэд эдгээр чипүүдийг шууд худалдан авах, эсвэл уг чипүүдийг суурилуулсан серверүүдийг түрээслэх замаар хязгаарлалтыг тойрч гардаг аж.
Reuters агентлаг энэ онд Хятадын худалдан авалтын болон аж ахуйн нэгжүүдийн 26 баримт бичгийг нарийвчлан шалгахад, тус улсын их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд АНУ-ын зүгээс хязгаарлалт тавьсан Nvidia компанийн чипүүдийг дотоодын зуучлагчдаас худалдаж авсан, эсвэл тэдгээр чипээр тоноглогдсон хиймэл оюун ухааны тооцоолон бодох үйлчилгээг түрээслэн ашиглаж байсан нь тогтоогджээ.
Тэдгээрээс хэд хэдэн байгууллага нь Хятадын батлан хамгаалах салбар болон цэргийн судалгаа шинжилгээний ажилтай нягт холбоотой байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэ оны нэгдүгээр сараас эхлэн "H200" чипийг Хятад руу экспортлох зөвшөөрлийг тохиолдол бүрийг тусд нь хянах замаар олгож эхэлсэн байна. Гэвч энэхүү уян хатан бодлого нь Барууны худалдааны хар жагсаалтад (Entity List) бүртгэлтэй Баруун хойд политехникийн их сургууль зэрэг байгууллагуудад тавьсан тусдаа хориг хязгаарлалтыг цуцлаагүй юм.
АНУ-ын Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Хятадын талын дэвшилтэт AI чипний хүртээмжийг хянахын тулд чип хянах нэгдсэн системийг нэвтрүүлэх, экспортын үйл ажиллагаанд Конгрессын хяналтыг чангаруулах зэргээр хязгаарлалтаа улам чангатгахыг уриалсаар байна.
ЖЭНСЭН ХУАНГИЙН ДУУЛИАН
Энэхүү үйл явдал нь Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуангт ирэх дарамт шахалт улам бүр нэмэгдсэн үетэй давхцаж байна. АНУ-ын Сенатын Банкны хорооны Бүгд найрамдах намын сенатор Кевин Крэймер, Хятадын тагнуулын албанд ажилладаг гэж буруутгагдаад буй Элис Хуангтай үүсгэсэн нууц амрагийн харилцаа нь компанийг хямралд оруулсан тул Жэнсэн Хуангийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь буухыг уриаллаа.
Крэймер Мягмар гарагийн орой Politico агентлагт өгсөн ярилцлагадаа: "Сүрдүүлэг, дарамтад өртөх эрсдэл асар өндөр байгаа бөгөөд Nvidia-ийн чипүүд шиг тийм эмзэг, нууцлалтай салбарыг удирдаж байгаагийн хувьд тэр албан тушаалаасаа явах ёстой гэж би бодож байна" хэмээн мэдэгджээ.
Конгрессын хорооны Бүгд найрамдах намын гурван дарга Хятадын тагнуулын ажилтан гэгдэж буй эмэгтэйтэй холбогдсон хэргийнх нь талаар Жэнсэн Хуангтай 11 дүгээр сарын 18-нд уулзаж, нөхцөл байдлыг тодруулахаар шаардаад байна.
Өдгөө Apple-ийн дараа дэлхийн хоёр дахь хамгийн үнэ цэнтэй компанид тооцогдож буй Nvidia-ийг 30 гаруй жилийн өмнө хамтран үүсгэн байгуулсан Жэнсэн Хуанг Ням гарагт эхнэрээ араар нь тавьснаа хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч компанийн удирдлагын зүгээс АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон нууц мэдээлэл алдагдсан гэж үзэх ямар нэгэн үндэслэл байхгүй хэмээн мэдэгджээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад



