Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/59, А/101, мөн 2025 оны А/414 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 6–12-р ангид цахим контент, дижитал сурах бичгийн систем нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү ажлын гүйцэтгэгчээр Унгар улсын “MOZAIK KIADO KFT” ХХК шалгарч, 2024 оны есдүгээр сард Боловсролын ерөнхий газартай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
2024–2025 оны хичээлийн жилд хийгдсэн онцлох ажлууд:
- 22680 багш, 377804 суралцагчийн medle.mn домэйн өргөтгөлтэй хаягийн бүртгэл баталгаажиж, дижитал платформд нэвтрэх боломжтой болов.
- 711 3D үзүүлэн, 243 цахим хичээл, 111 видео хичээл монгол хэлээр орчуулагдан платформд байршуулагдсан бөгөөд орчуулах ажил үргэлжилсээр байна.
- Дунд, ахлах ангийн сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлж нэмэлт агуулгаар баяжуулсан болно.
- 30 үндэсний сургагч багш бэлтгэгдэж, аймаг, нийслэлийн хэмжээнд сургалт, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
- Одоогоор 10,000 гаруй багш платформтой танилцаж мэдээлэлтэй болсон байна.
2025–2026 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө:
- VIII–X сар: Үндэсний сургагч багш, боловсролын газрын мэргэжилтэн, сургалтын менежерүүдийг сургалтад хамруулж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан цахим гарын авлагыг түгээнэ.
- IX–VI сар: 36,000 багш, 432,000 суралцагчийг бүрэн хамруулж, жишиг цахим хичээл боловсруулан хуваалцаж, улирал бүр цахим сорил, даалгавар зохион байгуулна.
- IX–VI сар: Мониторинг, зөвлөн туслах ажлыг тогтмол хэрэгжүүлж, сурагчдын ахиц дэвшлийг судлан тайлан нэгтгэнэ.
Системийн ач холбогдол:
- Багш: Хичээл заах бүх үе шатанд цахим орчныг үр дүнтэй ашиглах, суралцагчийн ахицыг бодит өгөгдлөөр үнэлэх боломжтой болно.
- Суралцагч: Хичээлээ илүү ойлгомжтой, сонирхолтойгоор үзэж, бие даан суралцах, өөрийн ахиц дэвшлийг тогтмол харах боломжтой.
- Мөн түүнчлэн Цаасан сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэж, баяжуулсан цахим сурах бичгээр мэдлэгээ гүнзгийрүүлэх шинэ боломж нээгдэнэ.
Цахим платформтой танилцах эх сурвалжууд:
- Mozaik цахим боловсрол ба сургалт: www.mozaweb.mn
- Цахим гарын авлага: mozaweb.mn/mn/Portal/user_manual
- Facebook/Messenger: facebook.com/mozaweb.mn
- Youtube суваг: Mozaik Education
Энэхүү дижитал шилжилтээр сурагчид шинэ мэдлэгийн эзэн болж, ирээдүйн манлайлагч болон төлөвших боломж нээгдэж байна.