Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар, мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим боловсруулалт хийж мэдээлэл цуглуулах, боловсруулах үед иргэний эрх, эрх чөлөөнд нөлөөлөх шийдвэр гаргах болон эмзэг мэдээллийг байнга боловсруулах тохиолдолд үнэлгээ хийж, түүнийг ХЭҮК-д хүргүүлэн зөвлөмжийн дагуу ашиглах ёстойг хуульчилсан.
Хуульд заасан чиг үүргийн дагуу, ХЭҮК иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах үүднээс байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж өгч, хяналт тавьдаг. Тиймээс хүний эмзэг мэдээллийг хиймэл оюун ухаан ашиглан боловсруулж, эрт илрүүлэх оношилгооны үйлчилгээ үзүүлдэг “Таванбогд Нура” компанийн үйл ажиллагаа тус хуульд нийцэж буй эсэхэд ХЭҮК хяналт тавьж ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд тус компанийн төлөөлөлтэй өнөөдөр /2025.08.26/ уулзаж, Комиссоос цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд хэрхэн үнэлгээ хийх талаар болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой зөвлөгөө өгч, хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэв.
“Таванбогд Нура” ХХК-ийн зүгээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах, энэ чиглэлд ХЭҮК-той хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж
| ХЭҮК
|