Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 5.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээний тэмдэглэлд Сангийн сайд Б.Жавхлан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA-ийн Ерөнхийлөгч Жан Ван Сам нар 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь Эрсдэлийн удирдлага ба зорчигчийн ачаа тээшний хяналтын системийг нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилготой юм.
Гарын үсэг зурах үеэр Сангийн сайд Б. Жавхлан:
Өнгөрсөн 30 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхэнд КОЙКА нь манай улсад нийт 330 гаруй сая ам.долларын 66 төсөл, 13 хөгжлийн зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж, 3,192 төрийн албан хаагчийг БНСУ-д суралцуулж, 5,782 сайн дурын ажилтныг илгээсэн манай улсын хөгжлийн томоохон түншүүдийн нэг билээ.
Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаагаас гадна БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтын ажиллагаа тогтоосны 34 жил, төлөөлөгчийн газар Монголд үйл ажиллагаагаа нээсний 30 жилийн ой тус тус тохиож байгаа нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа урт удаан хугацаанд өргөжин бэхжиж байгаагийн тод илрэл гэдгийг онцоллоо.
Гарын үсэг зурах ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, КОЙКА-гийн Ерөнхийлөгч Жан Вон Сам болон Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцлоо.