Dark Light
Нийгэм | 2025-08-27

ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид их засвар хийгээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл мэдээлэл өглөө.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсгүүд нэлээдгүй байна. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ. Тиймээс Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд зургийн ажлыг “ГБЭТ” ХХК 60 хувьтай гүйцэтгэж байна. Аравдугаар сарын 30-нд зургийн ажлыг бүрэн дуусгаад, шинэчлэл засварын ажлыг төсөвт суулгаснаар 2026 онд ажлыг эхлүүлнэ. Энхтайваны гүүр ашиглалтад ороод 68 жил болж, насжилт хэтэрсэн. Зөвхөн дам нуруу болон суурь хэсэгт л засвар хийж байсан” гэв.

“ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл “Энхтайваны гүүрийг өргөтгөх, хүчитгэх зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил 60 хувьтай явж байна. Энхтайваны гүүр явган хүний зам доогуураа хөндий. Хоёр хийцлэлтэй. Т хэлбэрийн дам нуруу, үндсэн хэсэгтэй өлгөмөл буюу агаарт хавтан тавьсан дам нуруутай. Ашиглалтын түвшинд шаардлага хангахгүй, “муу” гэсэн дүгнэлт гарсан. Шинэчлэл засвар хийснээр 15-20 жилээр насжилт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энхтайваны гүүрний явган хүний замыг дагаад гэрлэн шонгууд олон байдаг. Тэдгээрийг дагаж доошоо ус гүйж гүүрэн дээр тогтдог. Өвлийн цагт хөлдөж, зун гэсдэг ууршдаггүй. Тогтоол ус нь бетоны марк, арматур зэргийн чанарыг муутгаж байна. Тиймээс ус зайлуулагч, тусгаарлагчийг нэмэлтээр шийдэж өгнө. Энхтайваны гүүрээр том оврын автомашин явахад даац нь дийлэхгүй. Олон дахин чичиргээ өгөхөд эвдрэл үүснэ. Нийтийн тээвэр, суудлын автомашин явах л даацтай” гэлээ.

Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд түр гүүрэн байгууламжийг байршуулна. Ажлын явцад хөдөлгөөн хаах үед түр гүүрэн байгууламжийг ашиглах юм. Мөн НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Нийслэлд 42 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажил хийгдэж дуусах шатандаа явж байна. Харин авто замын арчлалт өдөр тутамд хийгдэж байна. Дүүргүүдэд хэрэгжиж байгаа 97 байршлын ажил аравдугаар сарын 30-нд дуусна” гэсэн мэдээлэл өглөө.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14