2025 оны долдугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар нь хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татсан. Улмаар нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа.
Энэ талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "Ц.Санжаачойпэлийг суллаагүй. 30 хоногийн цагдан хорио үргэлжилж байгаа. Энэ хугацаа маргааш дуусна. Прокурор эсэргүүцэж, дээд шатны шүүгчид хандсан. Дээд шатны шүүгч хүсэлтийг хангаж Ц.Санжаачойпэлийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан" гэлээ.