Dark Light
Нийгэм | 2025-08-27

ГАНЦАЦРАЛ: ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 70 ХУВЬ АЛДЧИХСАН БИ ГЭРТЭЭ НОХОЙ ШИГ МӨЛХӨЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Иргэн Ганцацрал таксины жолоочид зодуулж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан талаараа мэдээлэл хийлээ. 
Намайг Ганцацрал гэдэг. Би 44 настай. Таван хүүхэдтэй, хоёр зээтэй өрх толгойлсон эмэгтэй. 2024 оны хоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө би зээдээ памперс авахаар гэрээсээ гарсан. Гэрийнхээ хажуугийн дэлгүүр орох гэтэл хаалттай байсан. Жаахан зайтай 24 цагийн дэлгүүр ороод хүүхдүүддээ хэрэгтэй юмыг нь аваад гарсан. Тухайн үед салхитай хүйтэн байсан учраас такси барих гээд гараа өргөтөл цагаан өнгийн приус машин ирээд зогссон. 
-Энэ хүйтэнд та юу хийж яваа юм бэ?
-Хүүхдүүддээ хэрэгтэй зүйл аваад харих гэж байна. Миний дүү таксинд явах уу?
-Явна аа. Би дэлгүүр ороод юм аваад гараад ирвэл болох уу?
-За. Тэг ээ гэдэг яриа өрнөөд миний орсон дэлгүүр рүү тэр хүүхэд ороод юмаа аваад гарч ирсэн. Би Өвөр шанд хүрнэ гэж өмнө нь хэлсэн байтал чигээрээ явчихсан. Тэгэхээр нь “Хүүе ээ, миний дүү Энгэр шанд гээд буруу ойлгочихсон уу? би Өвөр шанд орно гэтэл шууд нүүр рүү цохисон. Улаан нүүр цохиод авахаар нь айсан л даа. Арын суудалд суучихсан байсан. Тэгээд л тухайн үед юу болсныг мэддэггүй. Ухаангүй 3-4 хоног сэхээнд байж байгаад сэрсэн. Би өөрийгөө ямар байдалтай байгааг мэдээгүй. Зүгээр л мөнгийг нь өгөөд гэртээ хүргүүлье гэсний төлөө яагаад намайг ийм байдалтай болгочхов гэж бодсон. Хөл хөдлөхгүй, бүх бие хөдлөхгүй, нүүр битүү хаван. Нүүр рүү өшиглөсөн. Хамар, нүдний доод яс хугарсан. Хүн танихын эцэсгүй болсон байсан. Тэр явдлаас хойш би гурван удаа хагалгаанд орсон. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэсэн. Би одоо алхаж, гишгэж чадахгүй. Хуруунуудаа тайруулж, хөлийн өсгий одоог хүртэл ясаараа байгаа. Байнгын боолттой. Өдөр болгон боолт хийлгэнэ. Байнга өвчин намдаах эм уудаг. Гэрээрээ өөрөө бооно. Энэ хэргийг хийсэн хүн олдохгүй байна л гээд байсан. Мөрдөн байцаагч Гүрбазар гэж хүү маш чадварлаг, сайн байцаагч. Тэр хүүд би маш их баярладаг. Налайхын цагдаагийнхан тэр хүнийг олоогүй. Олдохгүй байна л гээд байсан. Тэгтэл тэр хүү камер шүүж байгаад гурван хоногийн дотор олсон. Цагаан хад гэдэг газраас тэр хүнийг баривчилж авчирсан байсан. 28 настай Энхсайхан гэдэг залуу байна гэж байгаа юм. 
Хоёр сараас хойш байнга эмнэлэгт хэвтэж, гурван удаагийн хагалгаанд орж тавдугаар сарын 31-нд би эмнэлгээс гарсан. Дахин гурван удаа хагалгаанд орох заалттай. Нүд, хамрын хагалгаандаа одоохондоо орох боломжгүй байгаа. Гэм буруугийн эхний шүүх хурал дээр Энхсайхан гэм буруутай нь товч бөгөөд тодорхой байсан. Камерын бичлэг, баримт нотолгоо бүгд бий. Нэг жил зургаан сарын хугацаанд өчнөөн шүүх хурал болж байхад Энхсайхан дандаа хойшлуулдаг. Тэгтэл тэр хүнийг 2 жил орон нутгаасаа гарах эрхгүй, хоёр сар жолооны эрхийг хасаж шийдвэрлэсэн. Тэр хүнд тийм л ял өгсөн. Надад сэтгэл санааны хохирол гэж 26 сая төгрөг гарсан. Одоо хүртэл эмчилгээ, эм тарианы мөнгө гэж 100 төгрөг ч өгөөгүй. Миний амьдралыг бүтэн хөмөрч хаясан. 
Тэр хүн машинаа зогсоогоод, жолоочийн суудлаасаа буугаад миний сууж байсан хэсэгт тойрч ирж машин дотроо 15 минут болсон гээд байгаа. Тэр хугацаанд юу хийснийг, намайг яасныг би мэдэхгүй, ухаангүй байсан. Энхсайхан ч тэр хугацаанд юу хийснээ өөрөө хэлдэггүй. Тэгээд машинаасаа буухдаа намайг зүгээр л хог хаяж байгаа юм шиг гулжгануулж буулгаж хаяад, машинаа асаагаад хөдлөөд явчихсан. Камерын бичлэгт бүх зүйл нь тодорхой байгаа. Тэгээд цаана очиж зогссоноо машин дотроосоо намайг хараад зогсчихсон. Ядаж намайг эмнэлгийн гадаа аваачаад хаячихгүй дээ гэж би одоо боддог. Ийм болсноосоо хойш би хүүхдүүдээ маш их зовоож байна. Тэр хүн миний амьдралыг самарч хаясан. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдчихсан би гэртээ нохой шиг мөлхөж байна. Би зүгээр л нойл руугаа ороод бие засаж чаддаггүй. Огт танихгүй хүн намайг ийм болгочихсон байхад прокурор, шүүх нь яагаад ийм ял өгч байгаа юм бэ. Намайг яагаад бодоогүй юм бэ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14