Өнгөрсөн 07, 08 дугаар сард болсон хүчтэй салхи шуурга, үерийн улмаас олон айл өрх гэр оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсон.
Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн Улаан загалмай нийгэмлэг хамтран байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймаг болон нийслэлийн зарим дүүргийн нийт 125 өрхөд бэлэн мөнгөний тусламж, 46 өрхөд иж бүрэн гэр, ариун цэврийн багцын тусламж үзүүлж байгаа юм.
Тухайлбал, өнгөрсөн 07 дугаар сард орсон хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 1000 гаруй хашаа нурж, 179 өрх өртсөнөөс 40 өрхийн гэр нурж, дахин ашиглах боломжгүй болсон байна.
Тэгвэл өнөөдөр байгалийн гамшигт өртөн орон гэргүй болсон, тус дүүргийн зорилтот бүлгийн 10 өрхөд таван ханатай иж бүрэн гэр, ариун цэврийн багцыг хүлээлгэн өгч, нийгмийн халамж, дэмжлэг үзүүллээ.



Эх сурвалж
| Монголын улаан загалмай нийгэмлэг
|