Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын хамт Гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гурил үйлдвэрлэгчид болон тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.
Манай улсад 1400 гаруй тариаланч жил бүр тогтмол 390 мянган га талбайд тариалалт хийдэг бөгөөд дотоодын хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангахад жилдээ 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай байгааг салбарын төлөөлөл онцоллоо.
Монгол Улсын нийт гурилын дотоодын хэрэгцээ 240 мянган тонн бол үүний 45 хувийг нийслэл, 55 хувийн хэрэглээг орон нутгийн иргэд бүрдүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурилын 30 орчим үйлдвэр нийтдээ 1 сая 50 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадал суурилуулсан боловч “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотойгоор Дархан гурил тэжээл ХХК, Эрдэнэт фүүдс ХХК, Өсөг гурил ХХК, Гацуурт ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, есөн үйлдвэр тогтвортой ажиллаж байгаа гэсэн юм.
Өмнөх жилүүдэд дотоодын гурилын үйлдвэрүүд хэрэглээний 99 хувийг хангаж байсан бол тус хуулийн хэрэгжилтээс шалтгаалан 2024 онд 68 хувь болж буурч, үлдсэн 32 хувийг импортын гурил эзэлжээ. Үүний улмаас 96.3 тэрбум төгрөгийн импортын улаанбуудайн гурил орж ирсэн бөгөөд дотоодын тариалалт 95.5 мянган га-гаар буурсан сөрөг үр дүн гарсан талаар тайлбарлав.