Dark Light
Нийгэм | 2025-09-03

“ЦАГААН АЛТ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 6000 ТН НООЛУУР БЭЛТГЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Б.Жавхлан нарын хамт Дархан-Уул аймагт шилжин үйл ажиллагаа явуулж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай (2025.09.03) танилцан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын тэргүүн ургац хураалтын өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцаж байгаад талархал илэрхийлэв.

Яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун яамны бүтэц, зохион байгуулалтын талаар танилцуулсан бол Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV аян”-ы зорилт, зорилго, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Аяны хүрээнд газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуйн чиглэлээр эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгосон бөгөөд Засгийн газраас 10 хувийн хүүгийн хөнгөлөлтийг шийдвэрлэсэн” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ингэснээр газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх зорилгоой байна гэсэн юм.

Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Тэрээр ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож буйг дурдсан юм. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэлийн салбарт 6000 тн ноолуур бэлтгэсэн нь анх удаа нийт түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэсэн. Үүний зэрэгцээ ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байгааг онцоллоо.

Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгийн хэлснээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарт нийт 2525 гаруй иргэн, аж ахуйн нэгжид 1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүний үр дүнд хүнсний боловсруулах 25 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 22 үйлдвэр өргөтгөл барьж, 22 үйлдвэр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байна. Өнгөрөгч онд зоорийн багтаамж 15 хувь, үтрэмийн багтаамж долоон хувь, тариалангийн талбай 13 хувиар нэмэгдсэн байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний нэр төрлийг 37 хувиар нэмэгдүүлж, 2500 орчим ажлын байрыг шинээр бий болжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа байгууллагын үйл ажиллагааны талаар Ерөнхий сайдад танилцуулж, салбарт хэрэгжүүлж буй ажил, хорио цээр, малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны Дархан-Уул аймагт шилжин ажиллаж байгаа нь зөв шийдвэр байсан гэдгийг онцлоод “Мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хамтад нь, цогцоор нь хөгжих ёстой” гэдгийг тэмдэглэлээ. Тэрээр цааш нь Монгол Улсын эдийн засаг оны хагас жилийн байдлаар 5.6 хувиар өсөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэй байсан гэдгийг тодотгов. Мөн “Монголын хөдөө аж ахуйн салбарын өмнө 183 сая хүн амтай Евразийн зах зээл бий. Энэ зах зээлд манай бүтээгдэхүүн нэвтрэх, байрших, танигдах бүрэн боломжтой. Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгаа тул цаашид хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэх шаардлагатай” гэв. Мөн Засгийн газар хөдөө аж ахуйн салбар болон баялаг бүтээгчдээ хамгийн түрүүнд дэмжихээ илэрхийлэв. “Хөдөө аж ахуйн салбар хамгийн их ажлын байр бий болгодог тул цаашид улам төрөлжүүлэн хөгжүүлж, эрчимжүүлэх нь Засгийн газрын зорилго байх болно” гэдгийг Ерөнхий сайд нэмж тодотголоо. ХХААХҮЯ болон харьяа агентлагууд цаашид ургамал хамгаалал, бордоо, үрийн нөөцөд онцгой анхаарч, шинэ сортуудыг нутагшуулах шаардлагатайг, мал аж ахуйн салбарт уламжлал, шинэчлэлийг хослуулан инноваци нэвтрүүлэх хэрэгтэйг, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалт, хяналт баталгаажуулалтыг сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06