Гадаад улсаас “телеграм” орчинд иргэдийг залилдаг 7 этгээдийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, дайчлан баривчиллаа.
Урьдчилсан байдлаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гадаад улсаас манай улсын иргэд рүү энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа Монгол улсын иргэн О нарын 7 этгээдийг дайчлан баривчилж, энэ оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс нэр бүхий 5 этгээдийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж гар утас, техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас нэг жилийн хугацаанд баримтжуулж, гадаад улсаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа дээрх бүлэг этгээдүүдийг олж тогтоон дайчлан баривчилсан.
Цаашид үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэн гадаад улсаас манай улсын иргэд рүү чиглэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа монгол улсын нэр бүхий этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилж зарлан, Монгол улсад албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Манай улс руу чиглэн телеграм аппликейшн ашиглан үйлдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй залилах гэмт хэрэг 2024 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1362 бүртгэгдэж иргэдэд 31.4 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна.
Иймд иргэд та бүхэн шинэ төрлийн телеграм орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс болгоомжилж, ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банк, цахим хэтэвчээ бусдад ашиглуулахгүй, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.