НЕБ-ын 161 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 53 бүлэгт 2400 орчим хүүхэд суралцаж байна. Уг сургуулийн нэгдүгээр анги, дунд ангийн хүүхдүүд нэг ширээнд гурваараа сууж, хичээллэж байгаа юм. Энэ хүрээнд тус сургуульд нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 17 сургууль, 22 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Тодруулбал, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг бүрдүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийг төсөвлөж, Боловсролын яаманд хариуцуулсан. Гэвч, өнөөдрийн байдлаар 33 анги, танхим нь сандал, ширээгүй, 9 цэцэрлэг тохижилт байхгүй, гурван сургууль, цэцэрлэгийн цогцолбор гал тогооны хэрэгсэл байхгүй байна. Уг асуудал нь 5000-6000 хүүхэд боловсрол эзэмшихэд хүндрэлтэй нөхцөл байдалд оруулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. Сургуулийн хүртээмжгүй байдлаас болж нэг ширээ, хоёр сандал дээр гурван хүүхэд сууж байна. Мөн анги, танхимын хүрэлцээгүйн улмаас спорт заал, урлаг заал, номын санг хүүхдийн хичээлийн танхим болгож байна. Боловсролын яамнаас энэ асуудлыг шийдсэн гэсэн хариу өгч байгаа хэдий ч бодитоор үзэхэд ийм л байдалтай байна” гэв.
Нийслэлийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн захирал Б.Балжинням “Өнөөдрийн байдлаар 53 бүлэгт 2400 орчим хүүхэд манай сургуульд суралцаж байна. Нэгдүгээр ангид 340 хүүхэд элсэж, долоон бүлэгт хуваагдсан. Нэг ангид 50-52 сурагч байгаа бөгөөд нэг ширээнд гурван хүүхэд сууж байна. Мөн дунд ангийн зарим бүлгийн сурагчид нэг ширээнд гурваараа сууж эхлээд байна” гэлээ.