УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй бүрэлдэхүүн энэ сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улс /БНКУ/-д албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, БНКУ-ын Хүний эрхийн Омбудсмен Артур Ластаев нар хамтран ажиллах санамж бичгийг 2025 оны есдүгээр сарын 05-ны өдөр үзэглэлээ.Харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр улсын хамтын ажиллагаа, эрх тэгш, харилцан тохиролцсон зарчимд үндэслэн талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх явдлыг бататган, ижил тэгш байх зарчимд үндэслэн байгуулав.
Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр, 2025 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 4284 иргэн, манай улсад Казахстаны 594 иргэн оршин сууж байна. Тиймээс өөрийн улсад оршин сууж байгаа нөгөө улсын иргэдийн эрхийг хамгаалахад хоёр орны хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахад санамж бичгийн гол зорилго оршино. Мөн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалж, хангах, хөхиүлэн дэмжих, хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж харилцан туршлага, мэдээлэл солилцоход хамтран ажиллах юм.