Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Касым-Жомарт Токаевт бараалхлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун мэндчилгээг уламжлаад, хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээж буй энэ айлчлал 22 жилийн дараа парламентын даргын түвшинд хэрэгжиж байгааг онцоллоо.
Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсыг Ази тив дэх найдвартай, чухал түнш хэмээн үнэлж, уламжлал, соёл, оюун санааны нийтлэг үнэт зүйлс нь стратегийн түншлэлийн бат бөх суурь болж байгааг тэмдэглэв.
