Шинжлэх ухааны академид БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн төлөөлөгчид зочиллоо.
БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)-ийн захирал Парк Дае Хэ, үйл ажиллагаа хариуцсан захирал Хван болон дагалдах зочдыг ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов.
Мөн хоёр тал цаашдын хамтын ажиллагаагаа батжуулах хүсэл сонирхлоо илэрхийлсэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Зөвхөн санамж бичиг байгуулаад зогсохгүй бодит ажил хэрэг болох үр дүнтэй хамтын ажиллагаа эхлүүлэхэд сэтгэл зүтгэл гарган ажиллахаа хоёр тал харилцан илэрхийллээ.
Уулзалтын үеэр Хүннүгийн үеийн язгууртны булшнаас нээн илрүүлсэн зарим түүхэн олдворыг хэвлэсэн 3D макетыг Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвөөс гардуулан өглөө. Тус төвийн зохион байгуулсан “Pitch to Partnership-3” арга хэмжээнд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид оролцож Монгол Солонгос хоёр орны Археологичдын хамтарсан судалгааны төслийн үр дүн болсон зарим түүхэн олдворын зургийг илгээсэн нь ийнхүү сонин сайхан бүтээл болон ирж байгаа юм байна. Төмрөөс ч бат бэх дэвшилтэт материалаар хэвлэгдсэн энэхүү бүтээлийг ШУА-ын Археологийн хүрээлэн хүлээн авлаа. Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн энэхүү санаачилгат ажил хамтын ажиллагааны эхлэл, практик үр дүнгийн нэгээхэн илэрхийлэл юм.




Эх сурвалж
| Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи
|