Технологийн шилжилт ба ирээдүйн чиг хандлага, дэлхийн дижитал эдийн засагт Монгол улсын эзлэх боломжийн талаарх олон талт төлөөллийг нэгтгэсэн “Хөх тэнгэр” хэлэлцүүлэг өнөөдөр (2025.09.08) боллоо.
“Хөх тэнгэр” хэлэлцүүлэг нь дижитал эрин үе дэх уул уурхайн салбар болон инновацад суурилсан эдийн засгийн хөгжил, засгийн газрын цахим шилжилт зэрэг сэдвийн хүрээнд өрнөв.
Уламжлалт эдийн засгийн бүтэц хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг руу шилжиж байгаа энэ үед хүчирхэг инновацын экосистем бий болгох ёстой. Харин үүний гол цөм нь гарааны бизнесүүд юм. Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монголын инновацын экосистемийн өнөөгийн нөхцөлийг тодорхойлж, амжилттай экосистемүүдийн жишээг танилцуулав. Эдийн засаг хөгжлийн яам нь ШУА-ийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон их дээд сургуулийн судалгааны бүтээлүүдэд инновац шингээж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой ажиллаж байгаагийн хувьд судалгааны байгууллагуудын дэргэдэх гарааны бизнесийг бойжуулах, экосистем бий болгох энэхүү санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Хэлэлцүүлгийг Тэргүүн шадар сайд бөгөөд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал нээж, УИХ-ын гишүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүд, зохион байгуулагч тал болох “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон, Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, Эдийн засгийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Д.Зоригт болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Монгол улсын засгийн газар дижитал бодлогыг тэргүүлэх чиглэлдээ тусгаж цахим бодлогыг засаглал, эдийн засгийн шинэчлэлийн үндэс болгон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дараагийн чухал алхам болох "e-Business" платформын шинэчлэлийг Тэргүүн шадар сайд үгэндээ онцоллоо. Энэ нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хувьд “e-Mongolia” платформын зарчмаар ажиллана. Монголд ААН бүртгүүлэх, бизнесээ өргөжүүлэх зэрэг үйл ажиллагааг дижитал орчинд явуулах боломжтой болно. Энэ бол Монгол улсбг бизнес, хөрөнгө оруулалтад таатай, өрсөлдөх чадвартай орон болгох засгийн газрын өргөн хүрээтэй зорилтын нэг хэсэг болж байна.
Түүнчлэн, дижитал хуваагдал тэгш бус боломжийг бий болгож байсан бол одоо бид AI хуваагдал хэмээх сорилттой тулгарч магадгүйг дурдаад хиймэл оюун ухааныг ашиглан хамгийн томоохон хувьсгал авчрах салбар нь уул уурхай, хайгуул, эрчим хүчний салбар зэргийг тодотголоо.
Мөн, “Хөх тэнгэр” хэлэлцүүлгийн дараа олон талт оролцогчдыг нэгтгэсэн хамтарсан шийдэл гарч, хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлсон үр дүнтэй форум болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.



|
Эх сурвалж
| Эдийн засаг, xөгжлийн яам
|
АДМИН








Нийгэм








