“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2025.09.29) болж байна. Дөрөв дэх удаагийн хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд;
- Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх
- Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд
- Тархи судлал
- Сэтгэцийн эмгэг судлал
- Нийгмийн эрүүл мэнд сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Эрүүл мэндийн Ж.Чинбүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ, Би өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцоод ирлээ. Тэнд яригдсан гол зүйл бол “ХАЛДВАРТ БУС ӨВЧИН + СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД” гэсэн сэдвийг онцгойлон гол сэдэв болгож ярьсан явдал байв. Чуулганы санал шүүмжлэлд Монгол Улс, эрүүл мэндийн салбараа төлөөлөн оролцож, ярьсан зүйлүүдээс тодотгон хэлье.
Нэгт. Халдварт бус өвчин буюу даралт ихсэлт, хорт хавдар, чихрийн шижин зэрэг бие махбодын өвчнөөс гадна сэтгэцийн эрүүл мэнд нь чухал сэдэв болсон. Сэтгэцийн эрүүл мэндийг халдварт бус өвчний хөтөлбөрт оруулж баталгаажуулах нь чухал бөгөөд анхаарал хандуулах шаардлагатай;
Хоёрт. Хэмжих хэмжүүртэй байх. Тухайлбал 2030 он хүртэл халдварт бус өвчин түүний дотор сэтгэцийн эрүүл мэндээс шалтгаалсан нас баралтыг 1/3-ээр бууруулах зэрэг том зорилт тавих талаар хөндөв;
Гуравт. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хандлагыг нэмэгдүүлэх зорилтыг тусгаж, сая сая хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг анхан шатны үйлчилгээ дээр авч чаддаг байх;
Дөрөвт. Төр засаг, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцоллоо. Нээлттэй мэдээлэл, тоон үзүүлэлт, хяналт хариуцлагыг тусгайлан онцлов;
Тавд. Эрх тэгш байдал, уялдаатай бодлого чиглэл сэдвийн дор эмзэг бүлгийн хүмүүстээ онцгой анхаарч, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой ялгаварлан гадуурхалтыг бууруулах тухай ярив;
Зургаад. Хамгийн чухал зүйл нь санхүүжилт. Үүн дээр улс орнууд анхаарч, хөрөнгө оруулалтуудыг нэмэх, төсвөөсөө санхүүжилтийг нэмж өгөх нь чухал гэдгийг ярив.
Эрүүл мэндийн сайдын хувьд Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хамгийн чухал зүйл юу болохыг тодорхойлсон. Үүнд, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль 2000 онд батлагдсан байдаг. Энэ хуулийг шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна. Мөн насжилт нэмэгдэж байгаатай холбоотой үндэсний төлөвлөгөөтэй болох хэрэгтэй. Сэтгэцийн эрүүл мэндийг халдварт бус өвчний Үндэсний стратегид оруулж, дэмжихүйц тогтолцоог бий болгох хэрэгтэй юм. Мөн өрх, сумын эмнэлгүүдэд mhGAP модулийг нутагшуулах. Үүнд сэтгэцийн хямрал, сэтгэцийн эмгэг, хүүхдийн хөгжлийн хоцрогдол зэргийг тусгаж өгөх нь чухал. Сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний энгийн протоколыг өрхийн эмч сувилагчдаа шинээр сургаж ойлгуулах явдал нь үнэхээр чухал гэдгийг онцолъё. Өнөөдрийн хурлаар амиа хорлолтын асуудлыг хөндөж буйд баярлалаа. Гарсан уршгийг ярих бус үүнийг үүсгэж буй шалтгаануудыг ярьж, Үндэсний хөтөлбөр гаргахад эрдэм мэдлэгээ уралдуулж, цаашид авах арга хэмжээ, амиа хорлолтоос сэргийлэх чиглэлд юу хийх ёстой, ямар хөтөлбөртэй болох тухайгаа хэлэлцэж дүгнэлт гаргана гэдэгт итгэж байна” хэмээв.
Дэлхий даяар амиа хорлолтын нийт тохиолдлын 77% нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байгаа бөгөөд өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны дөрөвдүгээрт амиа хорлолт орж байна. 2023 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр Монгол улсын хүн амын дундах амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин 100 000 хүн амд 14.7 байгаа бөгөөд насны бүлгээр авч үзэхэд 2023 онд нас барсан 20-24 насны залуучуудын 27.4 хувь нь буюу 4 хүн тутмын 1, 25-29 насны залуучуудын 20.6 хувь буюу 5 хүн тутмын 1, 15-19 насныхны 23.6 хувь буюу мөн 4 хүн тутмын 1 нь амиа хорлон нас барсан байна.
Тиймээс хүн амын дунд ялангуяа хүүхэд залуучуудын дунд амиа хорлох оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх, түгээмэл тохиолддог сэтгэцийн тулгамдсан асуудлуудыг эрт илрүүлэх, холбогдох байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа чухал байгааг чуулганд оролцогчид хэлж байв.
Монгол Улсын Их Хурал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдлаа: Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо нь шинэчлэн зохион байгуулагдсан 30 гишүүнтэй. Боловсрол, эрүүл мэнд соёл, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал энэ бүгд салбараа хөгжүүлэх гэхээсээ “хүнд зориулсан байна” гэдэг утгаараа ажлын арга барил, хандлага, шийдэл дээр нь өөрчлөлт гаргахаар ажиллаж байна. Тайлан мэдээнүүдээс харахад Монгол Улс цөөхөн хүн амтай хэдий ч амиа хорлолтын түвшин Ази, Номхон далайн бүсийн орнуудаас дээгүүрт явж байгаа нь үнэхээр харамсалтай үзүүлэлт байна. Амиа хорлолт гэдэг зөвхөн мөсөн уулын орой бөгөөд цаана нь боловсрол, соёл, нийгэм, хууль, нийгмийн орчин гээд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Ялангуяа хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай хуулийг нь баталж өгөх хэрэгтэй байгааг харлаа. Үүнийг зөвхөн ЭМЯ дангаар хариуцдаг биш нийтээрээ салбар дундаа хэлэлцэн, асуудлыг дээш нь гаргаж ирэх, чухалд үзэж түүнийх нь дагуу хууль эрх зүй, шийдэл, төсөв, хүний нөөц бүх талаар нь дэмжиж ажиллах нь чухал гэж үзэж байна. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо яг энэ чиглэлээр хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд манлайлан ажиллах болно.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте: Өнөөдрийн хэлэлцэж буй амиа хорлолтын асуудал нь нэн тулгамдсан бөгөөд маш яаралтай шийдэх шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал юм. Энэ асуудлаар салбар бүрийн мэргэжилтнүүд, шийдвэр гаргагч нар цуглан хэлэлцэж байгаад талархаж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тодотгож хэлсэнчлэн, Амиа хорлолтын асуудал, халдварт бус өвчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татахуйц асуудал болоод байгаа. Нийт хүн амын дунд бага наснаас, насанд хүрэх хүртэл нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч үзэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан дохио юм. Амиа хорлолтоос сэргийлэх нь эрүүл мэндийн салбараас хальсан асуудал бөгөөд улс төрийн манлайлал нэн чухал билээ. Нийгмийн бүхий л түвшний анхаарал хандуулах асуудал юм. ЭМЯ болон эрүүл мэндийн салбар сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр томоохон ажлуудыг хийж байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хийдлийг арилгах mhGAP хөтөлбөрийг нутагшуулж, 15 аймгийн 400 анхан шатны эрүүл мэндийн төвийг хамруулсан. Сургуулиудад 200 орчим боловсролын сэтгэл зүйч ажиллуулж байгаа нь сайн арга хэмжээнүүдийн нэг. Цаашид, Нийт хүн амд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн бусад салбарууд хамтарч ажилла, эрт илрүүлж, өргөн хүрээнд эмчлэх асуудалд онгой анхаарахыг хүсье.
Амиа хорлолтын түвшинг бууруулахын тулд юуны өмнө үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй
Монгол Улсын Их Хурал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн О.Саранчулуун: Сүүлийн жилүүдэд амиа хорлолт нь халдварт бус өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгааг бид олон удаа ярьж байна. Тэр дундаа эрэгтэйчүүдийн амиа хорлох эрсдэл эмэгтэйчүүдээс 6 дахин их, хүүхэд өсвөр үеийнхний амиа хорлох оролдлого огцом нэмэгдэж байгаа нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудлын нэг болж байна. Амиа хорлолтын түвшинг бууруулахын тулд юуны өмнө үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Нийгмийн ажил, гэр бүлийн оролцоо нь амиа хорлолтыг бууруулахад хамгийн үр дүнтэй стратеги гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлж байгаа сайн жишээнүүд дэлхийн улс орнуудад бий. Жишээлбэл, Исландад өсвөр үеийнхэнд зориулсан тусгай хөтөлбөр байдаг. Японы тосгоны хөтөлбөрүүд байна. Ганцаардсан ахмадуудад зориулсан хөтөлбөр явж байна. Эдгээр туршлага нь нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс зөв бүтэц, зохион байгуулалттай ажиллаж чадвал урьдчилан сэргийлэх боломжтойг нотлон харуулж байгаа юм. Цаашид Сэтгэцийн эрүүл мэндийн хууль тогтоомжийг шинэчлэх асуудалд ул суурьтай хандаж орчин үеийн нийгмийн харилцааны онцлогт тулгуурлан, олон талын хамтын ажиллагаа, салбар дундын оролцоог хангасан байхад анхаарч, эрх зүйн орчныг шинэчлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлье.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх Үндэсний хөтөлбөр боловсруулна
СЭМҮТ-ийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Алтанзул: Монгол Улс амиа хорлолтын түвшнээр дэлхийн дунджаас хоёр дахин их, Ази Номхон далайн баруун бүсийн түвшинтэй харьцуулахад мөн л хоёрт байгаа нь онцгой анхаарах шаардлагатайг харуулж байгаа. Амиа хорлож нас барж байгаа жилийн үзүүлэлтүүдийг авч үзэхэд залуу насны, хүүхэд, өсвөр үеийн залуучууд бусад улс оронтой харьцуулахад хамгийн их байгаа нь нэлээн анхаарах ёстой асуудал болоод байна. Хүүхэд залуус өсвөр үеийнхэн амиа хорлолтод өртөж буй энэ үзүүлэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээн хүнд болсон, сэтгэцийн асуудлын маш олон үе шатуудыг даван туулж, амиа хорлож нас барах эцсийн сонголтыг хийж байгаа гэсэн үг. Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, залуусын хувьд ажилгүйдэл ядуурал, амьдралын олон асуудал хөндөгдөж байна. Иймд цогцоор нь шийдэхгүй бол залуу үеийнхэн, бидний ирээдүй болсон хойч үеэ алдсаар байна. Тиймээс өнөөдөр холбогдох бүх байгууллага, яамдын төлөөллийг оролцуулж, шийдвэр гаргах түвшинд амиа хорлолтод онцгой анхаарах хэрэгтэйг ойлгуулж, үүний эсрэг хамтдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нэгдэж оролцох уриатайгаар хурлыг зохион байгуулж байна.
Бид 2025 оны 03 дугаар сараас эхлээд Ази, Номхон далайн баруун бүсийн ДЭМБ-ын зөвлөхүүдтэй хамтарч “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах” дээр ажиллаж байна. Бусад улс орнууд амиа хорлолтын түвшинг хэрхэн үр дүнтэй бууруулж буй тал дээр Япон, БНСУ-ын жишээнээс суралцлаа. Хамгийн чухал асуудал нь салбар дундын хамтын ажиллагааг нэгтгэх, мөн төрийн удирдлагын бүх түвшний байгууллагуудыг оролцуулж үүрэг хариуцлагыг нь оногдуулж байж үр дүнтэйгээр амиа хорлолтыг бууруулдаг юм байна. Гол хөшүүргэ нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, амиа хорлолтын эсрэг авах арга хэмжээний хууль аж. Хуультай, үндэсний хөтөлбөртэй болж, Ерөнхий сайдаар удирдуулж, Үндэсний хороо ажиллаж байж амиа хорлолтыг бууруулдаг гэж ойлгосон.
Амиа хорлолтоос сэргийлэх үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр 2026-2030 он хүртэл 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтын түвшинг 10 хувиар бууруулах том зорилго тавин ажиллаж байна.
Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сайн дурын мэргэжилтнүүдийг энэ чиглэлд илүүтэй сургаж, мэргэшүүлэх шаардлагатай
Хүний нөөц, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ямар байгаа талаар тодруулахад, Монгол Улсын хэмжээнд 180 гаруй сэтгэцийн эмч ажиллаж байгаа. Сэтгэцийн эмч нарын дийлэх нь Улаанбаатарт төвлөрөн ажиллаж байна. Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд зөвхөн сэтгэцийн эмч нар төдийгүй яаралтай түргэн тусламжийн байгууллага, гэмтлийн эмнэлэг, хордлогын төвд илүүтэй тусламж үйлчилгээ явагдаж байгаа. Тиймээс энэ асуудал чимээгүйхэн өнгөрөх нь олонтоо. Амиа хорлох бодолтой, үйлдэл төлөвлөж байгаа, эрсдэлтэй зан үйл хийсэн байгаа тохиолдол нь бүртгэгдэхгүй, мэдээлэгдэхгүй яваад байгаа нь асуудлыг далдаж байна. Энэ тал дээр тусламж үзүүлэгч нар маань ажиллаж байгаа ч, эмнэлгийн байгууллагат хандаж байгаа хүмүүсийн ойлголт хомс байна. Зөвхөн эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс илүүтэй, нийгэм хамт олон буюу ажлын байр, сургуулийн орчинд тусламжийг өргөжүүлдэг систем рүү хандах хэрэгтэй. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сайн дурын мэргэжилтнүүдийг энэ чиглэлд илүүтэй сургаж, мэргэшүүлэх шаардлагатай" гэлээ.
Ажил амьдралынхаа тэнцвэрийг олох, стресс бухимдлаа зөв тайлж сурах, гэр бүлээ тэнцвэртэй авч явах ур чадварт иргэн бүр суралцах хэрэгтэй
Амиа хорлолт нь амьдралын туршид тухайн хүн маш олон стресс бухимдлаа даван туулж олон үе шаттай явсаар эцэст нь бууж өгч буй сонголт хийж байгаа үзэгдэл. Өөрөө хэлбэл сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь хүндэрч байгаа гэсэн үг. Иймд эрт илрүүлэх, стресс тайлах ур чадвар, амьдрах ухааны чадварыг нэмэгдүүлэх нь иргэн бүрийн хийх ёстой зүйл болоод байна. Ажил амьдралынхаа тэнцвэрийг олох, стресс бухимдлаа зөв тайлж сурах, гэр бүлээ тэнцвэртэй авч явах ур чадварт иргэн бүр суралцаж байж хүндэрсэн буюу сүүлчийн сонголтыг хийхгүй байх магадлал нэмэгдэх юм.
“Сэтгэцийн эрүүл мэнд 2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх эмгэг хариуцсан ахлах шинжээч Ацүро Цүцүми, Дэлхийн эерэг сэтгэл заслын холбооны супервайзер, эерэг сэтгэл заслын олон улсын сургагч багш Максим Гончаров, Колумбын Их Сургуулийн Анагаах ухааны сургууль дахь Сэтгэцийн тархвар судлалын холбооны дарга Кристина Ховен, БНТУ-ын Трабзон их сургуулийн хүүхдийн сэтгэцийн тэнхимийн эрхлэгч Онур Бурак Дурсун зэрэг олон улсын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж байгаа нь энэхүү чуулган жил тутам цар хүрээгээ тэлж, шийдвэрлэх түвшинд асуудлыг хэлэлцүүлж буйгаараа өндөр ач холбогдолтой болж байна.