Dark Light
Нийгэм | 2025-09-30

МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН АМИА ХОРЛОХ МАГАДЛАЛ 6 ДАХИН ИХ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор Н.Алтанзултай ярилцлаа. 
-Амиа хорлолт гэж юуг тодорхойлоод байна вэ? 
-Хүнийг амиа хорлох хүртэл эцсийн сонголтыг хийлгэж байгаа нийгэм орчны маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Мөн хувь хүний хүчин зүйлс нөлөөлсний улмаас хүн амьдрахад бэрхшээлтэй маш олон асуудлуудыг өөрийнхөө хэмжээнд даван туулах гэж хичээж яваад эцсийн сонголтоо хийж байгаа энэ үзэгдлийг амиа хорлолт гэдэг. Тэгэхээр нэг талаасаа хувь хүний хүчин зүйлүүд, залуу насны туршлага багатай магадгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, архи тамхи мансуурлын асуудалтай зэрэг зүйлс нөлөөлж байна. Нөгөө талаас нийгэм, орчны нөлөө маш их хувийг эзэлж байна. Нийгэм, улс төрийн тогтворгүй байдал, ядуурал, ажилгүйдэл, өр зээл, цаашлаад гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг үзэгдлүүд хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүн мэдээж шууд үхье гэдэг сонголт хийхгүй, өөрийнхөө хэмжээнд арга хэмжээ аваад, гэр бүл, хамт олон, нийгмийн дэмжлэг авах гэж оролдоод энэ бүхэн үр дүнгүй болсны улмаас эцсийн сонголтыг хийдэг байх гэж тодорхойлж байна. 
-Амиа хорлолтын хамгийн эхний цэг юунаас үүсэж байна вэ? 
-Хамгийн эхний цэг гэдэг бол бүр доороосоо ул суурьтайгаар харах хэрэгтэй. Тухайн хүний бага нас, эцэг, эх нь хайрлаж халамжилж өсгөсөн байх. Мөн сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэл, гадуурхалт, ялгаварлал байхгүй байх зэрэг асуудлууд яригдана. Нөгөөтэйгүүр гадуур найз нөхөдтэйгөө уулзах, нийгмийн харилцаа зэрэг чухал нөлөөтэй. Мөн нийгмийн бүтцийн зан заншил, соёл үзэгдлийн ялгаатай байдал буюу монголчууд амиа хорлох үзэгдлийг тэр болгон сайшаалтай хүлээж авдаггүйтэй холбоотой. Амиа хорлож нас барсан гэвэл цээрлэдэг, нуудаг, далдалдаг. Ийм байдал нь амиа хорлох бодлынхоо асуудлынхаа тухай бусадтай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй сэтгэхүйг үүсгэдэг. Нөгөөтэйгүүр тэр хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна гэсэн үг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна гэдэг нь МСЭМ-ийн тухай хуульд нийгэм, орчны янз бүрийн нөлөөн дор тухайн хүн түр зуурын сэтгэл хөдлөл зан үйлийн тулгамдсан асуудалд орсон байгаа хүнийг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэж хэлж болно. Энэ асуудал гүн, гүнзгий явсны улмаас амьд явах уу, үхэх үү гэдэг сонголт хийж байна. Тэгэхээр хувь хүний зүгээс нөлөөлөл байгаа ч гэсэн нийгэм, орчны зүгээс дэмждэг бол шийдэж болох юм. Жишээ нь хамтдаа суугаад ярилцдаг бол магадгүй тэр хүний бодол санааг сонсож илрүүлж олсноор тухайн хүнийг тусламж үйлчилгээнд хамруулж, “чи ганцаараа биш шүү, чамтай адилхан зөндөө хүн байдаг” гэдэг ойлголтыг өгөх. Энэ тухайгаа бусадтай нээлттэй ярьснаар түр зуурын таагүй мэдрэмжээсээ салах бүрэн боломж байгаа гэдгийг эргэн тойрны хүмүүс маань ойлгочихвол тэдгээр хүмүүс эцсийн сонголтыг хийхгүй байх боломж байгаа. 
-Эхний цэгээс төгсгөлийн цэг хүртэл хэчнээн дамжлагыг дамжих вэ. Аль үед нь бусдаас тусламж авах вэ. Энэ талаар судалгаа байдаг уу? 
-Үе шат гэхээр тодорхой нарийн тогтсон зүйл байхгүй. Ерөнхийдөө хүн стресст орно гэдэг бол аливаа зүйлд санаа зовж, айж, түгшиж эхэлдэг. Энэ бол хүн бүрд илэрдэг хариу үйлдэл. Үүний дараа эсэргүүцэж, тэмцэж эхэлдэг. Өөрийгөө хамгаалж, хэрэлдэж, баталж нотлох гэж оролдоно, түүнийхээ эсрэг ямар нэгэн үйлдэл хийж эхэлнэ. Ингэж явсаар үр дүнгүй болоод эхлэхээр бууж өгч эхэлдэг. Энэ үедээ ядарч, туйлдаж шийдвэр гаргалтдаа ч бууж өгдөг, яагаад ч өөрчилж чадахгүй юм байна гэдэг цөхрөлийн мэдрэмжид эцсийн үйлдэл хийгддэг гэж үздэг. 
-Тухайн хүнийг стресст орсон байна. Депресс хүртэл олон шат дамжлага явна. Үүнийг хажуудах ойр дотны хүмүүс нь энэ хүн ингээд байна шүү гэдгийг аль үе дээр нь гаднаас нь ойлгож, мэдрэх вэ? 
-Үүнийг энгийн иргэн, найз нөхөд нь илрүүлэх боломжтой. Хүн стресст ороод эхлэх нь эхний үе шат шүү дээ. Сэтгэл санаа тавгүй, уур бухимдалтай, түгшилт, санаа зовнил, сэтгэл гутрал, ганцаардмал, хэнтэй ч яримааргүй, багийн хамтын үйл ажиллагаанаас зугтах, нойргүйдэл зэрэг байдлуудад орсон энэ үед нь л ярилцах хэрэгтэй. Найз нөхөд, гэр бүлийн хүмүүс нь ажиглаад “Чамд юу тохиолдсон бэ, чи яаж байна?” зэрэг асуултаар ярилцаж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Манайхан “юун амархан бууж өгдөг юм, ямар сул дорой юм, ямар арчаагүй юм” гэх зэргээр хандаад байдаг. Энэ нь эргээд тухайн хүнээ “би ямар арчаагүй юм бэ, Би амьд явахад тэсвэр, хатуужилгүй учраас ингэж явснаас үхсэн дээ” гэдэг бодол руу түлхэж байгаа юм. Тэгэхээр ямар ч хүнд стресс янз бүрийн бухимдал, түр зуурын бодол зэрэг үүсдэг. Энэ үед найз нөхөд нь ойлгож, нийгэм, хамт олны дэмжлэг үзүүлэх нь маш чухал. Энэ мэдрэмж нь түр зуурынх гэдгийг ойлгуулж, бие биетэйгээ ярилцах, сонсох, хайрлах, итгэл хүлээлгэнэ гэдэг хэцүү байдал руу хүргэхгүй байх хамгийн том гарц. Монгол Улс нэг ч иргэнээ амиа хорлуулж нас баруулахгүй байх нь бидний хамгийн том зорилго. 
-Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд элсэлтийн шалгалтдаа тэнцсэнгүй гэх шалтгаантай амиа хорлолт ихэссэн байна. Амиа хорлолт залуужаад байна уу? 
-Бусад улс орнуудтай харьцуулахад залуучууд их нас барж байна. Харин гадны орнуудад насанд хүрэгчид, настай хүмүүс илүү амиа хорлож байна. Ийм бүтэц ерөнхий ажиглагдаж байгаа. Залуу үеийнхэн, эрчүүд илүү байх үзэгдэл ажиглагдаж байна. Бид хүүхэд, өсвөр үеийн залуучууддаа амьдрах ур чадварт сургах, хэрхэн стрессээ даван туулах, амьдралын олон саад бэрхшээлд хэрхэн яаж тэсвэртэй байх уу гэдэгт суурь боловсрол, мэдлэгийг өгөх чухал байна. Энэтхэгт их сургуулийн шалгалтын үеэр амиа хорлох үзэгдэл ихэсч байсан туршлага байдаг. Үүнээс үүдээд тухайн хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчид урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгснөөр энэ хэмжээг огцом бууруулж чадсан гэж үздэг. Манайх ч бас энэ талаар мэдээллийг зөв өгөх хэрэгтэй. 
-Эрэгтэйчүүдийн эзлэх хувь дэлхий нийтээрээ их байдаг шүү дээ. Энэ нь ямар шалтгаантай вэ? 
-Дэлхий дахинд эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их байдаг. Харин манай улсад зургаа дахин их гэсэн тооцоо байдаг.
Үүн дээр нэг талаас эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал нөгөө талаас соёл зан, заншлын асуудал буюу нийгмийн тогтсон хандлага ихээхэн нөлөөлдөг. Эрэгтэй хүн л амьдралаа авч явах ёстой, гэр бүлээ авч явах ёстой гэсэн үүрэг хариуцлага өндөр байх зэрэг юм. Энэ нь эрчүүдийн өөрсдийнх хүлээлтэд хүрэхгүй байгаа байдал нэг талаараа ажиглагдаж байгаа. Нөгөө талаас эрчүүдийн сэтгэл зүйн онцлог нь тэр болгон асуудал, мэдрэмжээ ярих нь өөрөө стресс болдог. Ярихаар “шалчигнасан, эр хүн шиг биш” гэх зэрэг ойлголтоос болоод илүүтэй бухимддаг. Стрессээ тайлахдаа тамхи, архи мансууруулах бодис, мөрийтэй тоглоом тоглох зэрэг лүү илүү анхаарлаа хандуулах хандлагатай. Нөгөө талаар амьдралын олон бэрхшээл саадуудыг даван туулах хэрэгтэй, хурдан амжилтад хүрэх, хурдан санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зорилго нь заримдаа амархан аргаар мөнгө олох мөрийтэй тоглоом зэрэг лүү орох зан үйл рүү аваачдаг. 
-Цахим сүлжээгээр тоглоом шоглоомоор ч “нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндээ үзүүлье” гэдэг шүү дээ. Ер нь монголчуудын хэчнээн хувь нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй, стресстэй байна вэ. Энэ талаар судалгааны ажил байдаг уу? 
-2013 онд хүн амын дунд хийгдсэн Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийг судалсан судалгаа байдаг. Үүнээс хойш өнөөдөр гэхэд хүн ам зүйн судалгаа хараахан хийгдээгүй байна.
Судалгаанд дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай буюу цаана нь сэтгэцийн эмгэг байх магадлалтай гэдэг тооцоо байдаг. Түүн дотор бүтцийг сайн ажиглавал хамгийн эхэнд сэтгэл түгших эмгэг таван хүн тутмын нэгд, цаашлаад нойрны асуудал, архаг ядаргаа зэрэг эмгэгүүд, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь, шаналгаа буюу тодорхой өвчингүй тэгсэн мөртлөө бие нь өвдөх асуудал ихэнхэд нь байсан.
Үүний араас архины хэрэглээтэй холбоотой зан үйлийн эмгэгүүд, сэтгэл гутрах эмгэг зэрэг нь манай улсад их тохиолдож байна. 
-Хүн стрессээ яаж тайлж байх ёстой вэ? 
-Эхлээд стрессийг таньж мэдэх чухал. Би стресст орсон байна, сэтгэл зүйн хувьд тогтворгүй тайван бус байна гэдгээ хувь хүн өөрөө таньж мэдэх. Тухайлбал хүнд илэрдэг сэтгэл зүйн хамгийн эхний шинж тэмдэг нь ажлаа хийхэд анхаарал төвлөрөхгүй байх, ажлын бүтээмж муудах, уур бухимдалтай, жижиг зүйл дээр ч огцом уурлах, сэтгэл түгших, сэтгэлээр унах, ганцаардах, өөрийгөө болон бусдыг буруутгах, амьдрал утга учир алга гэх бодол мэдрэмжүүд юм. Энэ мэдрэмжүүд даамжирч явсаар амиа хорлолт руу хөтлөх боломжтой. Эдгээр мэдрэмжүүд хоёр долоо хоног үргэлжилбэл сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, үүнээс дээш хугацаанд үргэлжлээд өдөр тутмын үйл ажиллагаа алдагдвал онош тавихаар сэтгэцийн эмгэг болно. Тэгэхээр заавал тэсвэрлээд, тэвчээд явах нь биднийг эцсийн сонголт руу аваачих эрсдэлтэй байдаг. Тиймээс үүнийг эрт мэдсэн бол найз нөхөдтэйгөө уулз, гэр бүлийнхэнтэйгээ ярилц, шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлаа шийдвэрлэх нь хамгийн чухал. 
-Оролдлого хийсэн хүн хэдэн хувийг эзэлдэг вэ? 
-Оролдлого хийсэн судалгаа цөөхөн байдаг. Үүнийг бүртгэж, мэдээлэлдэг тогтолцоо хангалтгүй. Нөгөө талаас амиа хорлох оролдлого хийсэн үйлдлээ нуудаг. Мэдээлэхийг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл нөгөө олон нийт, нийгэм хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотойгоор нуун дардаг. Жишээ нь амиа хорлож нас барсан хүний ар гэрийнхнийг хөрш, хамт олондоо мэдээлдэггүй. Оролдлого хийх үзэгдэл нийгэмд маш их байдаг. Өөрийгөө гэмтээх зан үйл хүүхдүүдийн дунд их байна. Хордлогын төвийн мэдээллээр хордсон хүмүүсийн 95.3 хувь нь зориудаар хордсон. Үүний 85 гаруй хувь нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй. Энэ мэтийн үзэгдэл нийгэмд хавтгайрсан. 
-Хэрвээ иймэрхүү үйлдэл хийсэн, стресс бухимдалтай үед нь яах ёстой вэ. Зөвлөгөө өгөөч?
-Стрессдсэн үедээ өөрийгөө таньж мэдэх, ойр дотны итгэж болох хүмүүсээс тусламж авах чухал. Найдвартай тусламж, үйлчилгээ авмаар байвал мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй. Үнэхээр яаралтай үед 24 цагийн сэтгэцийн эмч нар мэдээлэл зөвлөгөө өгдөг 18002000 тусламжийн утас руу холбогдож тусламж авах боломжтой. Гэр бүл, найз нөхөд, хамт олон энэ тал дээр ойлголттой байж, буруутгах биш сэтгэл зүйн тулгамдсан асуудал байна эрүүл мэндэд нь нөлөөлж байна гэдэг талаас нь харж тусламж үзүүлээрэй. Нэмж хэлэхэд, амиа хорлолтын асуудал хөндөж байна гэдэг нь зөвхөн эмч, сэтгэлзүйчдийн ярих биш. Засгийн газар, Ерөнхий сайд зэрэг шийдвэр гаргах түвшний хүмүүс анхаараасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл бидний ирээдүй хойч болсон залуу үеийнхэн маань өөрийгөө зориудаар амиа егүүтгэж, нас барах сонголтыг хийж байна гэдэг бол онцгой анхаарах асуудлуудын нэг. 
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26