Өнөөдрөөс эхлэн багш нар улс даяар ажил хаялт зарлав. Гол шаардлага нь цалингаа 3.5 сая төгрөг болгох. Удаа дараа, жагсаал цуглаан хийж, энэхүү шаардлагаа тавьсан.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “хэрвээ багш нар ажил хаялт зарлавал үүссэн хохирлыг Монголын Үйлдвэрчний эвлэл өөрөө хариуцах ёстой, энэ нь хууль бус ажил хаялт болно” гэж мэдэгдсэн. Мөн улс төрийн тогтворгүй нөхцөл байдлыг ашиглан ажил хаялт зохион байгуулж байгааг бууруушаасан байдаг.
Сайдын мэдэгдэлд Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэл тайлбар хийсэн:
-Байгууллагын дотоод асуудалд оролцсон гэх;
-Ташаа мэдээлэл түгээсэн гэх утгатай байна хэмээн шүүмжиллээ.
Эвлэлийн зүгээс “ажил хаяж буй нь зөв, буруу гэдгийг сайд тайлбарлах ёсгүй, энэ асуудлыг хуулийн байгууллага шийднэ” гэцгээв.
Эвлэлийн мэдээллээр, Ерөнхий сайд Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан багш нарын төлөөлөлтэй уулзахдаа 2026 оны төсөвт багш нарын цалинг нэмэх эх үүсвэрийг тусган, үндсэн цалинг 1.8 сая төгрөгт хүргэх боломжтой гэж ярьжээ. Дараагийн шатанд 2.5 сая төгрөгт, гурван жилийн дараа 3.5 сая төгрөгт хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй гэнэ.
Гэхдээ наймдугаар сараас эхлэн багш нар “цалингаа 3.5 сая болгох” шаардлага тавьсан ч Засгийн газраас санал болгосон нэмэгдэл үүнийг хангалтгүй гэж үзэж байна.
Өчигдөр (2025.10.15) Засгийн газрын хуралдаанаар багш нарын цалинг 20 хувь, эмч нарын цалинг 15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэх шийдвэр гаргасан.
Энэ нэмэгдэл нь ойролцоогоор багш, эмч нарын цалин 150–300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр үр дүн гарчээ.
Гэвч энэ шийдвэрийг олон багш, эмч, ахмадууд хангалтгүй гэж үзэж, сургууль дээрээ ажил хаялт зарлаж буй.
Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад, багш нар цалин нэмүүлэх шаардлагаа гол болгон тавьж байгаа ч тэдэнтэй хамт хандлага, хариуцлага, сургалтын чанар зэргийг ярих хүн тун цөөхөн байна.
Хэрвээ энэхүү ажил хаялт энэ чигээрээ үргэлжилж, маргаан шийдэгдэхгүй бол боловсролын салбар жинхэнэ стрессийн түвшинд очих эрсдэлтэй. Хоёр талд ч тэнцвэртэй, шударга шийдэл хэрэгтэй; улстөржүүлэлгүйгээр багшийн шударга үнэлэмжийг тогтоох, салбарын тогтвортой байдлыг хангах арга зам хайх цаг болжээ.Багш нар аргаа барж, мөн чанартай шаардлага тавин тэмцэж байна. Тэд “илүү сайхан амьдрал, илүү чанартай боловсрол” хоёрын төлөө зогсож буй мэт.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






