Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын яам хоорондын “Соёлын солилцооны тухай 2025-2029 оны хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчдийн солилцоо, театрын тоглолт харилцан зохион байгуулах, хоёр орны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах, номын сангийн хэвлэмэл материал солилцох, музейн чиглэлээр хамтран ажиллах, соёл, урлагийн чиглэлийн судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих зэргээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн айлчлалын хүрээнд “Богд Хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах тухай санамж бичиг”-ийг хоёр орны Засгийн газар хооронд байгуулав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Энэтхэг Улсын сэргээн засварлагчид Богд Хааны өвлийн ордныг олон улсын стандартад нийцүүлэн сэргээн засварлаж, соёлын биет өвийг хадгалан хамгаалах ажлыг гүйцэтгэх юм.
Мөн “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Спорт, залуучуудын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Тус санамж бичгийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, төвүүдийн хамтын ажиллагааг дэмжих, хоёр улсад залуучуудыг хамарсан арга хэмжээ хамтран зохион байгуулах, спортын салбарын хүний нөөцийн солилцоо, спортын технологийн судалгаа, спортын менежмент, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
АДМИН








Нийгэм






