НИТХ-ын ээлжит V хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцлуулж байна.
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ (ДЦС-5)” ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЛЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилготой стратегийн бүтээн байгуулалт юм. Урьдчилсан шалгаруулалтад найман аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ илэрхийлснээс дөрвөн ААН санал ирүүлж, тэдгээрээс “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэйшнл” ХХК, “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК гэсэн гурван компани шаардлага хангасан. ДЦС-5 төслийн хэрэгжилтийн явцад 1600 гаруй ажлын байр шинээр бий болж, ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүдийг сургах, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих зэрэг олон талын үр өгөөж үзүүлэх юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.
800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА
“Улаанбаатар ногоон орон сууцны төсөл хөтөлбөр нь олон төвт Улаанбаатар хот болон төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд 2020 оноос эхлэн Баянхошуу, Шархад байршлуудад “Ногоон орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээр ээлжид Баянхошуу, Шархад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулж байна. Хоёрдугаар ээлжид “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г байгуулж 4200 өрхийн ногоон орон сууцыг дэд төвүүдэд барих зорилготой ажиллаж байна. Гуравдугаарт, ногоон барилга, эко хорооллын норм, стандартыг тодорхойлох, салбарын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилготой”.