Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр ажиллаж байсан Б.Ундрахын бүрэн эрхийн хугацаа дуусаж, шүүгчийн бүрэн эрх сэргэсэн тул Иргэний хэргийн танхимын бүрэлдэхүүнд ажиллуулахаар баталлаа.
Мөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төсөл”-д санал хүргүүлэхээр тогтов.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатараас ирүүлсэн “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл” болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тус тус хүргүүлэхээр боллоо.
Түүнчлэн Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн “Намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай” өргөдлийг хэлэлцээд дүрмийн зарим заалт хуулийн шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзлаа.