Ерөнхий сайд, УИХ-ын дарга нэгэн зэрэг огцорч, “Тамгагүй төр” жүжиг Төрийн ордонд өдөр шөнө дамнан тоглогдлоо. Эхлээд Ерөнхий сайдыг бол огцруулахыг дэмжихгүйг дэмжлээ. Удаад нь УИХ-ын даргыг бол огцрохыг дэмжихийг дэмжлээ. УИХ хуваагдлаа, МАН-ын бүлэг хуваагдлаа. УИХ-ын зарим гишүүн өөрөө өөртэйгөө хуваагдлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга З.Сандаг-Очир өөрөө өөртэйгөө ширүүн маргалдлаа. Сандагаа телевизээр ТББХ-ны санал дүгнэлт хамаагүй, чуулганд “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэж санал хураана гэж ярилаа. Сандагийн ТВ яриаг Очироо ордонд эрс няцааж, зөвхөн ТББХ-ны санал дүгнэлтээр л санал хураах нь зөв гэж тоглосон шинжгүй ярилаа.
Байнгын хороонд огцруулна гэсэн нь огцруулахгүй болж, огцруулахгүй гэсэн нь огцруулах болж, хайрлахгүйгээр хайр зарлалаа. Сандаг ч биш, Очир ч биш, Сандаг-Очир бол чансаа өндөр “Тэнгэр” хувийн дээд сургуульд философич болж, оройгүй эрдмийн охийг хүртсэн, алслагдсан дүүргийн 4-р хороонд Олон нийтийн харилцааны ажилтан, анхан шатны пи арчаас зам мөрөө эхэлсэн хүн юм.
Х.Булгантуяа УИХ-ын индэрт “Монгол коммент” нэвтрүүлгийн тусгай дугаар хөтлөнгөө “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” гэж гишүүдийг дуудлаа. Өнөө хэд нь хамт Үндсэн хууль зөрчье, хам хэрэг хийе гэж дуудахаа боль гэж бухимдлаа.
Нара нялх бие, нярай хүүхдээ ч бодолгүй ирж байхад наад Үндсэн хууль чинь яах вэ? гэж гишүүдийг утаж гаргаж, ус цутгалаа. Нара ирцэд орчхоод гэртээ харилаа, цахим сүлжээгээр цагаан махны лаа сураглалаа. Тэрбумыг авсан уу гэх хардлагыг няцаах гээд тэр юун гуя гэдэг шиг тэр чигээрээ түймэр боллоо. 1,5 саяын цалинтай багш сэтгэн бодож чаддаг ч юу идэж уухгүй, өмсөж зүүхгүйгээр 50 жил болж байж тэрбумтай болно.
Өдөржин шөнөжин унжирч сунжирсан УИХ-ын чуулганаар эхлээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг 71 гишүүн огцруулахыг дэмжээгүйг дэмжлээ. Үндсэн хуулийн 43.1-д заасан огцруулахыг дэмжих заалтыг дэмжихгүйг дэмжих болгосон гэж том хуульчид дуу нэгтэй үзэж байна.
Ерөнхий сайдыг огцруулах 64 кноп олдоогүй тул Ерөнхий сайдыг чаддаг юм бол 64 кнопоор үлд гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн. Огцруулахыг дэмжихгүйг дэмжих кноп 71-д хүрсэн нь өчигдөр нь ирчхээд явсныг нь ирцэд оруулаад, эсрэг санал өгсөнд тооцсон гэх маргаан үүсэж байна. 10-р сарын 17-ноос эхлэн, цэцэрлэг, сургуулийн ирцийг өнөөдрөөр нь биш өчигдрөөр нь тоолох нь зөв боллоо.
Засгийн газрууд 2 ойндоо хүрэхгүй огцорч байна гэж үзэн 2019 онд Үндсэн хуулиа нэмж өөрчилсөн биш 4 сартайд нь унагадаг болж авцгаалаа.