Dark Light
Нийгэм | 2025-10-20

ЖИЛДЭЭ 1-2 ЭРЭГТЭЙ ХӨХНИЙ ХОРТ ХАВДРААР БАЙНГЫН ОНОШЛОГДДОГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ХӨСҮТ, Хөхний төвийн мэс заслын эмч М.Цэнгэлтэй Хөхний хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах сарын хүрээнд ярилцлаа.
-Аравдугаар сарыг "Хөхний хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ жил ямар онцлогтойгоо энэхүү сарыг өнгөрүүлж байгаа вэ?
-ДЭМБ-аас жил бүрийн аравдугаар сарыг Хөхний хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах сар болгон тэмдэглэн өнгөрүүдэг. Тиймээс энэ сард хөхний хорт хавдрын талаар мэдээлэл түгээх, хөхний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдах, эмчилгээ болон хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд анхаарлыг хандуулах зорилготой юм. Энэ жил энэ зорилгынхоо хүрээнд ажиллаж байна.
-Хөхний хорт хавдар үүсэх шалтгаан нөхцөлд юу орж байна вэ?
-Хөхний хорт хавдар нь таргалалт, удамшлын шалтгаанаас болж үүсдэг ба нас ахих хирээр эрсдэл нэмэгддэг. Удамшлын шалтгаантай хорт хавдар нийт тохиолдлын багахан хувийг эзэлдэг. Хэт таргалалт нь амьдралын хэв маягаас эстроген даавар их хуримтлагдсанаас хөхний хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. 
-Жил бүр энэ төрлийн өвчлөлийн тоо нэмэгдэж байна гэсэн харамсалтай мэдээлэл байна?
-Манай улсад тус хавдрыг тусах тохиолдлын тоо жилээс жилд ихсэж байгаа. Өнгөрсөн жилд 400 орчим эмэгтэйд тохиолдсон. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд хоёр жилд нэг удаа урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх, улирал тутам нэг удаа хөхөө тэмтэрч шалгаж байвал зохистой гэж үздэг. Хөхөө шалгахдаа цагийн зүүний дагуу дарж тэмтрэх хэрэгтэй, чимхэж базаж шалгахад хөхний өөрийн булчирхайлаг эд тэмтрэгдээд андуурагдах тохиолдол байдаг. Эрт үе шатандаа оношлогдвол, эдгэрэх магадлал өндөртэй гэж үздэг. 
-Урьдчилан сэргийлэх арга нь юу вэ?
-Хөхөө өөрөө тэмтэрч үздэг байх, дасгал хөдөлгөөн хийх, урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хугацаандаа орвол зохистой. Эрэгтэй хүмүүс тусах магадлал эмэгтэй хүнтэй харьцуулахад 1-2 хувь гэж үздэг. Манай тасагт жилдээ 1-2 тохиолдол байнгын оношлогдож байдаг. Эрэгтэй хүн ч гэсэн таны цээжний хэсэгт хатуу зүйл тэмтрэгдвэл үл ойшоохгүй ирээд үзүүлээрэй гэж зөвлөе. Олон улсад эрт илрүүлэгтээ сайн хамрагддаг орнуудад амь нас аврагдах, бүрэн эдгэрэх магадлал өндөр байдаг. Манай орны хувьд харьцангуй хожуу шатандаа оношлогддог. 2020 оны судалгаагаар нийт хөхний хорт хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 5 жил амьдрах хувь нь 48 хувьтай, дэлхийн дундаж статистиктай харьцуулахад 2 дахин бага байна. Энэ нь 100 эмэгтэй хүний 48 нь 5 жил амьдарсан, үлдсэн 52 нь 5 жил дотроо нас барсан байна гэсэн үг. Эдгэрэх магадлал аль үе шатдаа оношлогдсон гэдгээс хамаарна. Монгол Улсад эмэгтэйчүүд ихэвчлэн хоёрдугаар шатанд оношлогддог. Мөн өөрсдийн хэнэггүй зан байдлаас хожуу шатандаа оношлогдож байгаа тохиолдлууд ч байна.
-Нэгэнт туссан бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хөхний хорт хавдар дийлэнх өвчтөнд ямар нэгэн өвдөлт өгдөггүй. Хавдартай хэсэгт өвдөх, хөхний толгойноос шингэн зүйл ялгарах зэрэг шинж илрэхгүй байж болно. Ямар нэгэн зүйл тэмтрэгдэх юм бол эрүүл мэндийн байгууллагад яаралтай үзүүлэх хэрэгтэй.
-Зарим эмэгтэйчүүд хөхний даруулга зүүхгүй бол эрсдэл буурдаг гэдэг?
Хөхний даруулга зүүхгүй байх нь эрсдэлийг бууруулдаг гэх батлагдсан судалгаа байхгүй. Халдварын эрсдэлүүд байхгүй, вирус бол холбоогүй. 
-ХӨСҮТ-ийн хөхний тасаг шинээр байгуулагдсан. Ямар ажил хэрэг эхлүүлээд байга вэ?
ХӨСҮТ-д хөхний тасаг байгуулагдсанаас хойш өвчтөний хөхийг хадгалах мэс засал руу зорьж байна. Хавдартай хэсэг дээр хөхний эдийг тайрах, хөхийг бүтэн тайрах хоёр эрсдэлийн хувьд чанарын ялгаагүй гэж үздэг. Жижиг хэмжээтэй хавдрууд дээр хадгалах мэс засал нийт оношлогдож байгаа хүмүүсийн 70 орчим хувь дээр хийгдэж байгаа.
Б.УНДРАХБАЯР

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19