Дэмжихгүйг дэмжсэнтэй адил Оюутолгойн 20 сая доллар нууц биш атал нууцалсан юм байна. Оюутолгойн 20 сая доллар нууц бишийг нууцаар нууц болгосон байна гэж тагнуулын газар дүгнэлээ. Оюутолгойгоос 20 сая доллар авсан гэдгээ нуух аргагүй болсон “Эрдэнэс-Оюутолгой”-н захирлууд нуулгүй хэлсэн бол Оюун-Эрдэнэ гүтгэлэг гэж нуусан бөгөөд нуугаагүй шинжтэй ярилаа.
Оюун-Эрдэнэ өөрөө орлогоо нотолсон гэж алга дарам цаас харуулдаг ч орлого нь ч, зарлага нь өөрийгөө нотолсон байдалтай байна. Английн “Фуллхэм” багийн подволк дээр 1,2 сая еврогоор GoMongolia гэдэг бичиг хадуулсан. “Фуллхэм”-ийн хаалгач Бернд Лено сард 520 мянган евро буюу 2 тэрбум 200 саяын цалинтай. Өөрөөр хэлбэл, 2 саяын цалинтай монгол эмч 2 тэрбумын цалинтай Бернд Лено нарыг ивээн тэтгэж байна. Оюун-Эрдэнийн хүү санаандгүйгээр “Фуллхэм”-ийн дэргэдэх академид суралцсан юм байна.
Английн “Аттикас партнерс” гэдэг Монголоос нууц биш нууц 7 тэрбумыг авахаас жилийн өмнө бүртгүүлсэн жижиг компани манай бүх яам, байгууллагуудад тусалсан гэж тайлагнасан. Харин Гадаад харилцааны яам, И-Монгол академи зэрэг газрууд ийм компани танихгүй, мэдэхгүй гэж мэдэгдсэн.
“Аттикас партнерс” “Монгол хаан” жүжгийг рекламдаж сурталчилсан, Ч.Номингийн жиргээ, Википедиа дахь танилцуулгыг бичиж янзалж өгсөн, буудал, билет, ресторан захиалж өгсөн гэж тайлагнасан. Ч.Номин үүнийг Википедиа бол олон улсын сайт гэж хариуцлагатайгаар няцаасан. Хариуцлагатайгаар мэдээлэхэд Википедиа нь олон улсынх гэдэг нь үнэн, харин тэнд бичигдсэн Номингийн гоё танилцуулгын төлбөрийг Та бид Оюутолгойгоос хүртээгүй өгөөжөөрөө төлчихсөн.