“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Тус чуулганд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс залуучууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус чуулганд үг хэлэхдээ “80 жилийн өмнө, яг энэ өдөр Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөөх түүхэн сонголтоо хийж, бүх нийтийн санал асуулгаар 98.4 хувийн ирцтэй, 100 хувийн саналаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан. Энэ бол Монголын ард түмний эв нэгдэл, итгэл, үнэнч сэтгэл, тусгаар тогтнолын мөнхийн бэлгэдэл юм гэдгийг тэмдэглээд өнөө цагийн залуус энэ үнэ цэнийг ухамсарлан, эх оронч сэтгэл, итгэл, зорилгоо ирээдүйд өвлүүлэн залгамжилж явах учиртайг хэллээ.
Засгийн газар залуучуудын хөгжлийг бодлогын эн тэргүүний зорилт болгож, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ “ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ” гэж нэрлэсэн. Энэ бол Монголын залуусын оюун санаа, эрч хүч, бүтээлч чадварт итгэж буй Засгийн газрын төдийгүй,дэлхийн монголчуудын итгэлийн илэрхийлэл гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.
Засгийн газар хамгийн том мега төсөл болох Хүний хөгжлийн шинэ хөтөлбөрөө эхлүүлээд байна. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг шинэ шатанд гаргаж, хүн бүрийн хөдөлмөр шударгаар үнэлэгддэг, авьяас нээгддэг, хариуцлагатай нийгмийг цогцлоох зорилготой юм.
Олон улсын байгууллагууд Монгол Улсын итгэлцлийг өндрөөр үнэлж байна. Moody’s агентлаг 11 жилийн дараа манай улсын зээлжих зэрэглэлийг “B1, тогтвортой” түвшинд дэвшүүлсэн. Энэ бол Засгийн газрын авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн, эдийн засгаа сэргээсэн, сахилга батад суурилсан бодлогыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсний нотолгоо гэж үзэж байна.
Залуусын хөгжлийг илүү оновчтой шийдвэрлэхийн тулд бие даасан агентлаг эсвэл зөвлөл байгуулах асуудлыг бид нээлттэй хэлэлцэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, залуусынхаа дуу хоолойг сонсдог, санаачилгыг бодитой дэмждэг төр байхыг зорьж буйгаа илэрхийллээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлон эрэмбэлж, шийдвэрлэх үйл ажиллагаанд салбар дундын уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах зорилгоор “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Зохион байгуулагчид 2025 оны ес, аравдугаар сард урьдчилсан хэлэлцүүлгүүдийг Архангай, Дорноговь, Ховд, Баян-Өлгий аймаг болон төрийн захиргааны төв байгууллага бүрд зохион байгуулж, тухайн салбар дахь залуучуудын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд хэлэлцжээ. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг өнөөдрийн чуулганд танилцуулж “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга” болон “Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги” зэрэг бодлогын баримт бичигт тусгахын зэрэгцээ нэн чухал, яаралтай хэрэгжүүлэх боломжтой бодлогын шийдвэрүүдээ Ерөнхий сайд Г.Занданшатарт өргөн барьж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.