Шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг хязгаарлалттай олгож байна. Тухайн асуудлаар
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
"Манай улс түлш шатахууны хувьд 100% хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог. АИ-92 автобензиний 10-р сарын ОХУ-с авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-с өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна. Ялангуяа Улаанбаатар хотод хэрэглээ эрс нэмэгдэж хэрэглэгчид нөөцлөх байдал бий болоод байгаа нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье. Өмнөх жилүүдэд байсан хэмжээнээс илүү ихээр худалдан авах, нөөцлөх хандлагатай байгаа нь улсын нөөцийн сав багатай манай хэрэглээнд дарамт үүсгээд байна. Иймд зарим үед нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй байдалд оруулж байгааг ойлгож хүлээн авна гэж найдаж байна. Шатахуун импортлогч ААН-тэйгээ хамтран хүндрэлийг даван гарахын тулд байнга ажиллаж байгаа болно. Цаашид олон жилийн турш яригдаж бодитой үйлдэл хийгдээгүй явж ирсэн түлш, шатахууны агуулахаа яаралтай барьж байгуулах хэрэгтэй байна" хэмээн мэдэгдлээ.