Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэ өдөр хүүхэд багачуудад дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн байгаль, экологийн ач холбогдлыг таниуллаа.
Өдөрлөгийн үеэр үндэсний бөхийн улсын аварга С.Мөнхбатыг "Ирвэсийн элч"-ээр сонголоо. Түүнийг байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн ба зэрлэг амьтдын зэрэгцэн амьдрах уламжлалын талаар олон нийтэд түгээдэг, байгаль хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ оролцдог тул ийнхүү онцолж сонгосон юм. Улсын аварга С.Мөнхбат “ Би Монголынхоо цоохор ирвэсийг амьдаар нь хараагүй. Гэхдээ ирвэс амьдардаг нутгаар судалгааны ажлаар явж байсан. Монгол эх оронд маань зэрлэг амьтан олон бий. Эдгээр амьтдын амьдарч буй орчныг хамгаалах зэргээр анхаарч хийх шаардлагатай зүйл олон байгааг мэдэрсэн. Ялангуяа ховордож буй зэрлэг амьтдыг хайрлан хамгаалж, зэрэгцэн оршихын ач холбогдлыг олон нийтэд түгээх нь маш чухал юм” хэмээн ярилаа.