Засгийн газрын гурван сайд /Б.Жавхлан, П.Наранбаяр, Т.Аубакир/ Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Өмнө нь Ерөнхий сайд оролцоод хоёр ч удаа та бүхэнтэй уулзалт хийсэн байна. Түүнээс хойш багш нар ажил хаялт руу шилжсэн. Төсөв нэгэнт өргөн баригдсан. Их хурал дээр хэлэлцүүлгүүд үргэлжлээд явж байна. Засгийн газрын хувьд нэгэнт өргөн баригдсан төсөв дээр хэрэв өөрчлөлт орох шаардлагатай бол боломжит тооцооллуудыг хийж, зохих хүмүүст нь эсвэл байнгын хороодод томьёоллыг, зарчмын зөрүүтэй санал хэлбэрээр хүргэж өгөхөөр тооцоолж ажилласан. Та бүхний шаардлагыг бид удаа дараа сонссон. Бидний зүгээс болон төрийн зүгээс шийдвэрлэх асуудал маань төсвийнхөө боломжид хязгаарлагдаж байгааг удаа дараа тайлбарлаж, хэлэлцээрийн протокол дээр дурдсан. Хэд хоногийн турш бид боломжуудаа шавхаж, Засгийн газар төлөвлөгөөт ажлуудаа, мөн 2026 оны ажлын нийт төлөвлөгөө, түүнд шаардагдах төсвийн хэмжээ зэрэг нь бүр хавар тавдугаар сард хуульчлагдсан байж байгаа. Энэ бүхнээс аль хэсгийг нь хойшлуулах вэ, алийг нь бүр зогсоох вэ гээд төсвийн ерөнхийлөн захирагч шийднэ. Төсвийн ерөнхийлөн захирагч гэхээр та бүхэн мэдэж байгаа. Төрийн тэргүүнээсээ эхлээд төсвийг шууд захирагч сургууль, цэцэрлэгийн багш хүртэл төсвийг шууд болон ерөнхийлөн захирдаг хүмүүсийн түвшинд судалгаа хийгдсэн гэж ойлгоорой. Өнөөдрийг хүртэл цалин, тэтгэвэр тэтгэмж огт нэмэгдээгүй биш. Ковидын хүнд жилүүдэд 2020, 2021 онуудад нэмж чадаагүй байсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2023, 2024 онуудад нэлээд дорвитой нэмсэн байдаг. Тухайлбал, ЕБС-ийн түвшинд үндсэн цалин шинэ багш нар тухайн 750 мянган төгрөг авдаг байсан бол одоо 1.5 сая руу дөхөж ирлээ. 1.484.000 орчим байна. СӨБ-ын хувьд 818 мянган төгрөгийн цалинтай байсан байна. Одоо 1560000 болсон. тус бүр хоёр дахин суурь хэмжээнүүд нэмэгдсэн байгаа шүү. Бид тооцооллуудаа хийж үзээд нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс дахин 10 хувь буюу нийт 30 хувиар нэмэх тооцоолол гаргалаа. Энэ нь бүх салбарт адилхан хийгдэнэ. Ганц 2026 онд цалин нэмэх асуудал биш. 2027, 2028 онуудад мөн хүрэх зорилгоо тавиад дунд хугацааны хөтөлбөрөөр гаргаж авна. Түүний үр дүнд 3.5 саяд хүргэх арга хэмжээг авъя гэсэн тооцоололтой байна.