Онцгой байдлын байгууллагын нэгдсэн сургалт, дадлагад оролцохоор явж байсан алба хаагчдын автобус Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу аравдугаар сарын 21-нд замын хажуугийн шон мөргөсөн осол гарсан. Автобусанд 16 алба хаагч явсан бөгөөд ослын улмаас 3 алба хаагч хүндэвтэр, 7 алба хаагч хөнгөн гэмтэл авсан байна.
Онцгой байдлын байгууллагын зүгээс алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өчигдөр Агаараас эрэн хайх, аврах ангийн яаралтай тусламжийн багийг илгээж, хүндэвтэр 3 хүнийг Улаанбаатар хотод авчран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлэн эмчлүүлж байна. Хөнгөвтөр гэмтэл авсан 7 алба хаагчийг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод авчирна.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Өвөрхангай аймгийн Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Онцгой байдлын байгууллагаас жил бүр сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөг гаргаж, зохион байгуулсан сургалтыг дүгнэх, цаашдын төлөвлөлтийг хийх зорилгоор нэгдсэн сургалт, бэлтгэлийг зохион байгуулдаг уламжлалтай. Сургалт, бэлтгэл гэдэгт нь алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэлзүй, бие бялдрыг хөгжүүлэх олон талт арга хэмжээг хэлдэг бөгөөд харилцан туршлага, дадлага солилцож, ирэх жилийн зорилтоо тодорхойлдог онцлогтой юм.
Энэ хүрээнд алба хаагчид Онцгой байдлын байгууллагын нэгдсэн сургалтад оролцохоор явж байжээ.
АДМИН








Нийгэм








