Dark Light
Нийгэм | 2025-10-22

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
 
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж  байна. 
 
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгалаа. 
 
“Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т  газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ.
 
Мөн “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулж, хамруулах, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулна. 
 
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажиллаж байна. 4.2 га газарт цутгамал төмөр бетон бүтээцтэй, зоорьтой 21 давхар 8 блок, нэгдсэн 2 гараашийн 271 далд зогсоол, хорооллын доторх авто зам, ил авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол баригджээ. 
 
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ
 
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн  бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, нөхөн төлбөрийн үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлнэ.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд анхны цэргийн багийг 2005 онд Сьерра Леон Улсад явагдсан ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлж, улмаар Чад-Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан Улсын Дарфур мужид явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад оролцож, үүргээ амжилттай биелүүлж ирсэн юм.
 
Өнөөгийн байдлаар 2012 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй Мотобуудлагын батальон, Ливан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNIFIL” ажиллагаанд 2023 оноос эхэлсэн 4 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй Эмнэлгийн бүлэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. 
 
НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох нөхөн төлбөрийг тухайн цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагч нэг бүрээр тооцон цэрэг хандивлагч орны Засгийн газарт олгодог. 
 
Манай улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Засгийн газрын шийдвэрээр олгодог. Засгийн газрын 2006 оны 154 дүгээр тогтоолоор 60 хувийг энхийг сахиулагчид, 40 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд, 2011 оны 270 дугаар тогтоолоор 70 хувийг энхийг сахиулагчид, 30 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж ирснийг Засгийн газрын өнөөдрийн тогтоолоор 80 хувийг энхийг сахиулагчид, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр болж байна. 
 
Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ 
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлж, богино хугацааны сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлэх нөхцөл боломжоор хангаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад даалгалаа.
 
Богино хугацааны мэргэжлийн сургалтад хамрагдан мэргэжил эзэмших цэргийн алба хаагчдын сургалтад шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд мэргэжил эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжил эзэмшин халагдаж буй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
 
Зэвсэгт хүчний ХЦАХ-дтай нэгтгэл, ангиуд нь өөрт ойр байрлах Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, Сургалтын төвүүдээр дамжуулан сүүлийн таван жилийн байдлаар 2000 орчим албан хаагчдыг 10 гаруй мэргэжлээр сургаж, мэргэжлийн боловсрол олгожээ. 
 
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
 
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улсын хэмжээнд шатахууны нөөцийн агуулахын багтаамж, хүчин чадлыг 30 хоногоор нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгалаа. 
 
“Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, хэвийн байгаа. Сүүлийн өдрүүдэд хэрэглээ хоёр дахин өссөн. Улаанбаатарт өдөрт 950-1200 тн шатахуун хэрэглэдэг, энэ өдрүүдэд 1800-2000 тн-ыг нийлүүлж байна” гэж сайд Г.Дамдинням мэдээлэл хийхдээ танилцуулав. 
 
“Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт 88 хувьтай байна
 
Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авахаар боллоо. 
 
Компакт гэрээгээр Монгол Улсад эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.доллар хүртэлх санхүүжилт, нийт 461.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар таван жилийн хугацаанд хэрэгжүүлж буй. 
 
Компакт гэрээ 2026 оны гуравдугаар сард хэрэгжиж дуусах бөгөөд нийт хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны наймдугаар сарын байдлаар 88.7 хувьтай байна. 
 
Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад 2023, 2024 онд үерийн улмаас гарсан нэмэлт зардал, мөн Монгол Улсад анх удаа гүйцэтгэж буй гол доогуурх хөндлөн сүвлэгээний хөрсний нөхцөл байдлаас хамаарч өрөмдлөгийн гүн нэмэгдэн, өрөмдлөгийн цооног, худгийн хэмжээ томорсноос зураг төсөвт өөрчлөлт орж, ажлын тоо хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас оруулах хувь хэмжээний хуваарилалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19