Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн өрхүүд 2025 оны аравдугаар сарын 01-нээс хагас коксожсон түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс ашиглахгүй байх зохицуулалт хийгдээд байна. Энэ хүрээнд Комиссын ажлын хэсэг түлш борлуулах төвүүдийн нөхцөл байдал, иргэдийн түлшний хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийв.
Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байгаа бөгөөд нөхцөл байдалтай танилцахад 7000 гаруй өрхтэй хороонд хоёр борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг байрлах зэрэг зөрүүтэй байна.
ХЭҮК нөхцөл байдалтай танилцаж дараах зөрчлүүдийг илрүүллээ. Үүнд:
-Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлэгдэж, өрх бүрд өдөрт гурван шуудай, долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна.
-“Хотула” аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаа ч газар дээр очиход түлш дууссан байх, байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчил илэрч байна.
Мөн иргэдийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэгт дараах мэдээллийг өглөө. Үүнд:
- Зарим иргэдийн хэлснээр хагас коксожсон шинэ төрлийн түлш нь өмнөх нүүрснээс илч багатай, хурдан шатаж дуусдаг, килограмм жин нь хүрэхгүй байгаа аж.
- Иргэд түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байгаа бөгөөд зарим тохиолдолд 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадаагүй байна.
ХЭҮК-оос нөхцөл байдал хүнд байна хэмээн өнөөдөр дүгнэлээ. Тиймээс ХЭҮК-оос холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмжийг илгээх болно.
Мөн энэ асуудлыг цаашид ч анхаарч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироохгүйн тулд төрийн холбогдох байгууллагууд үүргээ биелүүлэн ажиллаж байгаа эсэхэд тогтмол анхаарах болно хэмээн мэдэгдлээ.
