Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Казахcтан Улсын Элчин сайд Алмас Сейтакыновтой уулзлаа.
Сайд Г.Дамдинням Монгол Улсын шатахууны хэрэглээний 90 хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ-аас нийлүүлж байгааг дурдаад, газрын тосны бүтээгдэхүүний гуравдагч эх үүсвэртэй болоход Казахстан улстай хамтран ажиллах, Казахстан улсаас Монгол Улсад шатахуун нийлүүлэх, цаашид хэмжээг тогтвортой нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт ашиглах тэсрэх бодис, түүний түүхий эдийг Казахстанаас оруулах боломжийг ярилцав.
Элчин сайдын зүгээс хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэх, Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудлыг Казахстаны холбогдох байгууллагуудад уламжлан ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцов.