"Амьдрал бэлэглэе" донорын талаарх ойлголтыг иргэдэд таниулах өдөрлөгөөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга мэдээлэл өглөө.
Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг амьд донороос авах буюу тухайн хүний гэр бүлийн хүн өгч болдог. Хэрвээ амьд донор олдохгүй бол амьгүй буюу тархины үхэлтэй донор хүлээх жагсаалтад бүртгүүлээд хүлээж байгаад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох боломжтой байдаг. Өнөөдрийн байдлаар хүлээх жагсаалтад мянга гаруй иргэд хүлээж байна. Хүлээх жагсаалтад элэг, бөөрний дутагдалтай долоо хоногт хоёр, гурван удаа бөөр орлуулах эмчилгээнд ордог гэх мэт хүнд оноштой өвчтөнүүд байдаг. Эдгээр хүмүүсээс харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол элбэг байдаг. Бидний бүртгэснээр жилд 10-20 хүн амь эрсдэж байгаа тохиолдлууд байна. Сошиал орчинд ташаа ойлголт үүссэнээс өнгөрсөн оны долдугаар сараас хойш амьгүй донороос эрхтэн шилжүүлэх хагалгаа хийгдээгүй. Энэ нь тодорхой шалтгаануудтай. Сүүлд бид гэр бүлүүдтэй уулзахад дийлэнх нь татгалзаж байна. Мөн эмнэлгүүд хууль зүйн орчин ч юм уу нийгмийн айдсаасаа шалтгаалж амьгүй буюу тархины үхэлтэй донорыг илрүүлэх боломж багассан. Тэгэхээр өнөөдрийн арга хэмжээ олон нийтэд зөв таниулан ойлгуулах, зөв мэдлэг мэдээлэлтэй байцгаая гээд “Амьдрал бэлэглэе” өдөрлөгийг зохион байгуулж байна. Иргэд, олон нийтийг зөв эх сурвалжаас мэдээллээ авч өөрөө тунгаан бодож, шийдвэрээ гаргаарай. Бид гэр бүлүүдтэй уулзаж хүсэлтээ тавихад ямар ч дарамт, шахалт үзүүлэхгүй тухайн гэр бүлийн эрх учраас маш хүндэтгэлтэй ханддаг. Хамгийн гол нь зөв ойлголт, мэдээлэлтэй байгаарай гэж хүсэж байна. Дэлхийд эсрэгээрээ амьд донорын эрхтэн шилжүүлэх эмчилгээний эзлэх хувь маш бага харин амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хувь маш өндөр байдаг. Өвчтөн амь эрсдэх гээд байгаа зайлшгүй тохиолдолд амьд донороос хийгддэг. Бусад тохиолдолд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах нь маш элбэг байдаг. Алба байгуулагдсанаас хойш өнгөрсөн оныг хүртэл цаасан байдлаар эрүүл мэндийн сайдын батлагдсан маягтад гарын үсэг зурж баталгаажуулж авч байсан. Өнгөрсөн онд 300 гаруй иргэд донорын карттай байсан. Манай албанд ирээд гарын үсэг зурж баталгаажуулаад явдаг байсан гэсэн үг. Үүнийг бид и-монголиа систем, харилцаа холбооны яам, санхүү мэдээлэл технологийн төвтэй хамтран амжилттай цахимжуулж чадсан. И-монголиагаар дамжуулан донорын хүсэлт, зөвшөөрлийн үйлчилгээ авах боломжтой. Энэ нь иргэдэд илүү нээлттэй, хүндрэл учруулахгүй, аюулгүй байдал, нууцлалыг бүрэн шийдэж өгсөн. Одоогоор зургаан мянга гаруй иргэд донорын карттай байгаа. Цахим систем нэвтэрснээр карттай иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Манай залуучууд ч гэсэн зөв ойлголттой болсон нь харагдаж байгаа.
Б.ОРГИЛМАА