УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны талаар байр суурийг сонслоо.
Б.Баярбаатар: Өчигдөр би Үндсэн хуулийн цэц рүү очоод, нээлттэй явах хэсэгт нь сууж байгаад байнгын хорооны хуралтай учраас гараад ирсэн. Анхнаасаа нээлттэй байснаа хаалттай явуулна гэх мэтээр процессын алдаа гарч байна уу даа гэж харсан. Шийдвэр ч тодорхой байсан. Хурал эхлэх үед ер нь ойлгомжтой байсан. О.Мөнхсайхан хуульч илтгэж танилцуулахдаа Дэгийн тухай хуулийг зөрчсөн гэж танилцуулж байна лээ. УИХ дэгээ өөрөө тогтоодог. Хэрвээ дэг зөрчсөн гэж үзэж байгаа бол ТББХ, түүний доод талын дэд хороод нь энэ асуудлуудыг авч үздэг. Ямар нэгэн байдлаар цэцэд хамаарах асуудал биш. Гол асуудал нь цэц дүгнэлт гаргасан байна лээ. Өчигдөр хоёр асуудлыг нэгтгээд анхан шатны журмаар хэлэлцсэн байгаа юм. Нэгдүгээрт, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын гишүүн гэдэг талаас нь Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг гаргасан байгаа юм. Хоёрдугаарт, 95 дугаар тогтоол нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргасан. Цаашаа процесс нь яаж үргэлжлэх вэ гэхээр УИХ хэлэлцэнэ. УИХ-ын нэгдсэн чуулган хэлэлцээд хоёр асуудлаар тус тусад нь санал хураалт явуулна гэж ойлгож байгаа. 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх байх. Хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэдэг санал хурааж гаргана. Хэрвээ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Х.Булгантуяа дэд даргын асуудал нэгдсэн чуулган дээр хаагдаж байгаа. Тогтоолын асуудал буцаад их суудал руугаа яваад их суудал нь дүгнэлт биш тогтоол гаргаж, эцсийн шийдвэрийг гаргах процесс үргэлжлэх байх гэж харж байгаа.