БНХАУ-ын Экологи, байгаль орчны яам болон “Бүс ба Зам” Олон улсын Ногоон хөгжлийн холбоо (BRIGC) хамтран 2025 оны аравдугаар сарын 18-ны өдөр “Бүс ба Замын Ногоон инновацийн бага хурал”-ыг Бээжин хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд оролцож, нээлтийн ёслолд үг хэлэв. Бага хурлын нээлтэд Камбожийн Байгаль орчны сайд доктор Эанг Сопалет, Пакистаны Уур амьсгалын өөрчлөлтийн сайд Шезра Мансаб Харал, Мальдивын Аялал жуулчлал, байгаль орчны сайд Ибрагим Мимрах болон олон улсын байгууллагуудын төлөөлөл үг хэлж, ногоон хөрөнгө оруулалт, технологийн инновац, байгальд ээлтэй хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцоллоо. Уг бага хуралд нийт 39 орны 300 орчим төлөөлөгч оролцсон юм.
Уг арга хэмжээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ой болон Парисын хэлэлцээрийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд дэлхийн ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой байв.
Элчин сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэж буйг мэдэгдэв. Энэхүү чуулган нь “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлыг бууруулах, тогтвортой бэлчээрийн менежментийг дэлхий дахинд нэвтрүүлэх чухал боломж болохыг онцлон тэмдэглэж, олон улсын түншүүдийн төлөөллийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохыг уриаллаа.
Мөн Монгол улс уг арга хэмжээг зохион байгуулахдаа түнш орон, байгууллагуудтай хурлын зохион байгуулалт, санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Хурлын үеэр Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа хариуцсан захирал, УИХ-ын гишүүн асан С.Оюунтай Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой ногоон төсөл, санаачилгын талаар санал солилцсон юм.