Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, импортлогч томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Засгийн газар, АҮЭБЯ-ны түвшинд ОХУ болон БНХАУ-тай нягт холбоотой ажиллаж байна. Энэ хүрээнд бид тээвэр логистик болон ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд шуурхай зохион байгуулалт хийж буйг онцлов.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт “Роснефт” компанитай уулзсан. Тус компаниас энэ сарын 15-ны өдрөөс Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар дууссан болохыг мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд АҮЭБ-ийн сайд ОХУ-ын холбогдох албаны хүмүүстээ удаа дараа ярилцаж татан авалтыг хийлгэж байгаа. Бидний тооцооллоор бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ, Хятадаас мөн захиалгууд орж ирнэ” гэдгийг онцлов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Бид бүхэн хоёр чиглэлд ажиллана, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог хангах, импортлогч компаниудын тулгамдсан асуудлууд болон татан авалтын нэмэгдүүлэхэд анхаарч байна. УБТЗ шуурхай ажиллаж байгаа. Мөн Гаалийн ерөнхий газар үйл ажиллагааг хөнгөвчилж ажиллаж байгаа. Иймд бүх талууд ажлаа шуурхайлж, бэлэн байдлаа хангах нь чухал байна гэв.
Уулзалтын төгсгөлд, сайд Г.Дамдинням “Өчигдөр Монгол Улсын засгийн газрын тэмдэглэл гарсан. Нэгдүгээрт, ирэх онд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийн татаас өгч, улсын нийт хэрэглээний нэг сарын хэрэглээг хангах сав барьж, байгуулах ажлыг зохион байгуулна. Мөн нөөц нэмэгдүүлэх асуудалд ч дэмжлэг үзүүлнэ.
Ойрын жилдээ багтаан гурван сарын нөөцөө хадгалах савтай болно” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн ТЦА болон ГЕГ, Нийтийн тээврийн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг өгч, цаашид АҮЭБЯ-тай хамтран нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд шуурхай ажиллахаар боллоо.
Эх сурвалж
| Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
|