Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригезийг эх орондоо бүр мөсөн буцаж буйтай нь холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйг онцлоод хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт зэрэг олон салбарт тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.
Түүнчлэн, Элчин сайд Хорхе Родригез Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн Гадаад харилцааны яамны “Алтан Гэрэгэ”-г дурсгав.
Элчин сайд Хорхе Родригез албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь монголын ард түмэн элэгсэг дотно хандаж, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, нягт хамтран ажилласанд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв.
АДМИН








Нийгэм








