Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.
Сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх шаардлага нэмэгдсээр ирсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл, хүндрэлүүд гарч буй тул 2014-2025 онд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх талаар нийт найман удаа хууль баталж, цаг үеийн шинжтэй зохицуулалтыг хийж ирсэн байна.
Улсын Их Хурлын 2025 оны 60 дугаар тогтоолд баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, гурил, тэжээлийн үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, “Атар-4” аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон. Тухайн бүс нутагт үнийн өсөлтөд голлон нөлөөлж буй тээврийн зардлыг бууруулах, шаардлагатай бүтээгдэхүүнийг хилээр татан оруулж, үнийн болон хангамжийн тогтвортой байдлыг бий болгохыг тус тогтоолд заасан.
2025 оны байгаль, цаг уурын нөхцөл байдал баруун бүсэд хүндрэлтэй байж, хур тунадас багассан, гантай байсны улмаас хадлан, өвс, тэжээлийн гарц буурч, улаанбуудайн тариалалт, ургац өмнөх жилүүдээс багасах төлөв ажиглагдаад байна. Үүний улмаас тухайн бүс нутагт улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээлийн нийлүүлэлт доголдох эрсдэл үүсжээ.
Иймд тогтоолын төслийг Улсын Их Хурал баталснаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл болон тэжээлийн нэмэлтийг импортлох боломжийг бүрдүүлж, гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт хэрэгжих юм.
|
Эх сурвалж
| ХХААХҮЯ
|
АДМИН








Нийгэм








