Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Москва хотноо 2025 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан томилогдон ажиллаж байна.
Айлчлалын хүрээнд энэ сарын 18-ны өдөр Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал болж, Монголын талын хувь нийлүүлэгч Б.Дэлгэрсайхан, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч О.Белозёровтой уулзалт хийж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаа, хөгжил шинэчлэлийн талаарх олон асуудлаар санал солилцлоо.
Талууд уулзалтаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагаанд ерөнхий үнэлэлт дүгнэлт өгч, хоёр талаас хамтарсан нийгэмлэгт тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарч ажиллах шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар санал бодлоо илэрхийлж, байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын үеэр О.В.Белозёров, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ачаа тээврийн үйл ажиллагаа сайн явагдаж байгааг тэмдэглэн хэлж цаашид тогтвортой, эдийн засгийн үр ашигтай ажиллахад шаардлагатай гэж үзэж буй тодорхой арга хэмжээнүүдийн талаар Оросын талаас барьж буй байр суурь, саналуудыг илэрхийлэв. Тухайлбал, ачаа тээврийн тарифын индексжүүлэлт, зорчигч тээврийн үйл ажиллагааны эдийн засгийн үзүүлэлт, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батлах, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл, сайжруулалтын асуудал зэрэг хэд хэдэн асуудлуудын хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов.
“Оросын төмөр замууд” НХН-ийн зүгээс болон Оросын талын хувь нийлүүлэгчийн зүгээс "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн техникийн шинэчлэл, санхүүгийн чадварыг сайжруулахад чиглэсэн бүх санал санаачлаг, идэвх чармайлтыг дэмжиж идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Улаанбаатар төмөр зам" ХНН нь хоёр улсын худалдаа, тээвэр-логистикийн харилцааны гол оролцогч төдийгүй бүс нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой төмөр замын коридор гэдгийг онцлоод Оросын талаас хөндсөн асуудлуудад хариу тайлбар өгөв.
Сайдын зүгээс тарифын индексжүүлэлтийг өнгөрсөн онуудад хийж хүнс болон барилгын материалаас бусад 14 нэр төрлийн барааны тарифыг нэмэгдүүлсэн болохыг мэдээлж, төмөр замын үйл ажиллагаанд хамаарахгүй, өндөр зардалтай нийгмийн шинжтэй үйл ажиллагааг цаашид хэрхэх, нийгэмлэгийн үргүй зардлыг багасгах, эдийн засгийн байдлыг сайжруулахад зорьсон хэд хэдэн томоохон шийдвэрийг гаргаж ажиллахыг санал болголоо.
Түүнчлэн сайдын зүгээс Монголын тал барьж буй Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр замын холболтын асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй байгааг тэмдэглэн хамтарсан ажлын хэсгийг байгуулах ажлыг яаравчлахыг санал болгов.
Хоёр талын зүгээс "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төв шугамыг шинэчлэх төслийн ТЭЗҮ-ийг нэгтгэх ажлыг энэ ондоо багтаан дуусгах, дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хурдан батлах зэрэг хүлээгдэж буй ажлуудыг хийж дуусгахад анхаарч шуурхай ажиллахыг үүрэг болгохоор тогтов.
Мөн цаашид "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийг сайжруулахад чиглэсэн хоёр талаас гаргаж буй бүх санал санаачилгууд, төсөл арга хэмжээнүүдийг нэгтэн, тодорхой цаг хугацаатай хэрэгжих үйл ажиллагааны замын зураглалыг гарган хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Уулзалтын төгсгөлд талууд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын Протоколд гарын үсэг зурав.
АДМИН







Нийгэм








