“Ногоон хэрэм” төслийн төлөөллүүд өнөөдөр Өвөрхангай аймгийн Засаг даргатай уулзалт хийлээ.
Уулзалтаар Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бий болгосон бүтээн байгуулалт, мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, ажлын байр бий болж байгаа учир төсөл дуусахаар санхүүжилтийг шийдвэрлэх тухай санал солилцлоо.
Цөлжилтийг сааруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах, Өвөрхангай аймгийн говь, тал хээрийн бүсийг тарьц, суулгацаар хангах зорилгоор 2022 онд “Ногоон хэрэм” төслийн III шатны ажлыг Арвайхээр суманд эхлүүлсэн юм.
Энэ хугацаанд төслөөс 15 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулж, хамгаалалтын зурвас, үржүүлэг, бойжуулалтын шат дараатай үйл ажиллагааг явуулж, гурван жил гаруйн хугацаанд 4 төрлийн шилмүүст, 15 төрлийн навчит 800 мянга орчим мод бут үрслүүлж тарьснаас 250 мянгаад суулгацыг бойжуулах талбайд шилжүүлж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон байна.
Энэ жилийн хувьд 5.9 га талбайд хөрс боловсруулснаас 1.2 га талбайд хөрсний хучилт хийж, 50 мянга гаруй улиас, 34 мянган бургас, 25 мянган сухайг мөчрөөр ургуулсан байна. Мөн нарс, шинэс, жодоо, хуш, монос, гүйлс, агч зэрэг модыг хүлэмжид үрслүүлжээ.
Мод үржүүлгийн газрыг байгуулахдаа 5 м/секундын хүчин чадалтай гүнийн худаг, 50 тонны ус нөөцлөх сав, зоорь, агуулах, цахилгаан, эрчим хүчийг цогцоор нь шийдэж, иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхжуулахад чиглэсэн Сургалт, мэдээллийн төвийг байгуулсан юм. Ингэхдээ сэргээгдэх эрчим хүч буюу нарны энергиэр халдаг, байгальд ээлтэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй эко барилгыг ашиглалтад оруулсан нь орон нутгийн хэмжээнд жишиг болж байна.
|
Эх сурвалж
| Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
|
АДМИН








Нийгэм









