Утаатай, манантай, уламжлалт бас цахилгаан бүх төрлийн тамхины татварыг таван жилд 1100 хувь нэмлээ гээд хяналт сайжрах уу, муудах уу? Түүхэнд байхгүй олуулаа 78 гишүүн гарын үсэг зурсан Тамхины хяналтын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өөрийг нь хянах шахуу Ажлын хэсэг байгууллаа. “Хатанбаатар Магсаржав” кинонд гардаг шиг “Би юу хийчхэв ээ” гээд байгаа учир УИХ-ын дарга аймаг, дүүргийн засаг дарга байсан голдуу гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг бүрдүүллээ.
Сургуулиас 500 метрийн зайд биш 501 метрийн зайд тамхи зарах нь тамхинд уруу татахгүй байх баталгаа болж чадах уу?
Өвөртөө, цүнхэндээ тамхи чихсэн мина зүүсэн өвөө эмээ нарыг торгож зогсоож чаддаг уу?
Сургуулиас нь 501 метрийн зайд тамхитай дэлгүүр байдаг ч аав нь гэртээ баагиулдаг бол яах вэ?
Жижигхэн сумын төвийн дэлгүүр тамхи зарахын тулд 500 метр нүүх үү?
ТҮЦ, гудамжны ширхгийн наймааг ч хянаж бардаг бил үү?
Лангуун доорх тамхины наймааны зөрчил хууль батлагдсан 2012 оноос хойш жилд 300-400 гаар илэрдэг ч хумигдаж багассан уу?
Б.Номинчимэг гишүүн лоббичимэг ч биш байлаа ч тамхины татварыг 1100 хувиар нэмснээр тамхины хяналтыг бүр тавиад туух юм биш үү?
Буяныг гаргаж, бузрыг оруулдаг, тамхи бүү хэл алт тонн тонноороо, доллар боодол боодлоороо гарч орж л байдаг гаальтай улс бол Монгол.
Өнөө цагт бүү хэл хатуу хяналттай социализмын үед архины хуурай хууль гууль болж, ШАГ, шаглах гэдэг ойлголт үүсэж, аймгийн дарга нар айлын тогоо бүрхээр хурааж авч дөвчигнөсөн ч өөрсдөө сэмхэн спирт цохож өгөхийг гуйж, сүйхээтэй нь бараашиг исгэн зарж сүүлдээ бууж өгсөн.
Америк хуурай хууль гаргаад, хуурамч архины зах зээл цэцэглэж, Цагаан ордон цагаан тугаа өргөсөн.
Уламжлалт утаатай нь ч, шинэ үеийн электрон манантай нь ч мэдээж уушги биед муу боловч хоруу чанар нь өөр. Янзын үнэр нь ханхлаад байдаг янжуур тамхины утаанд 6000 төрлийн хорт бодис байдаг бол электрон тамхи 90-95 хувиар бага.
Архи, пиво хоёулаа хортой ч агуулагддаг спирт, согтоох чадвар нь ондоо байдаг. Утаатай, манантай хоёуланд нь ирэх онд адилхан 140 хувийн татвар оноовол 5000-ын янжуур 12000, 35 мянгын вэйп нь 84 000 болно.
Илүү хортойд нь илүү биш ижил татвар оноохоор янжууртаа татах нь ашигтай болно.
Чухам яг энэ хортой л бол хортой гэж тэгшитгэж татвар оноохын ард электрон вэйпүүдэд хэрэглэгчээ алдаад байгаа тамхины бизнесийн лобби чимэг нуугдаж байна.
Татвар нэмж, үнэ өсгөснөөр тамхины шаг, далд наймаа огцом өсдөг нь нь дэлхийн жишиг. Монголын дипломатчид элчингийн машин, цэнхэр паспорт ашиглаад, тамхи зөөж яваад хил дээр баригдсан хэрэг олон гарсны учир нь энэ.
Тамхины татварыг 5 жилд 1100 хувь нэмж, Хятад, Оросоос хол илүү үнэтэй болж, Казахстан, Эрээний хулхи тамхины наймаа зах зээлийг эзлэн авна.
АДМИН







Нийгэм




