ММСУХ нь өнгөрөгч арваннэгдүгээр сард гучин жилийнхээ ойн хүрээнд спортын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тод манлай, манлай, алдарт уяачдын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг явуулсан. Тэгвэл тус тэмцээнд оролцсон уяачид маань тэмцээний үеэр босгосон хандивын мөнгөө сайн үйлд зориулахаар шийдвэрлэж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлэх хагалгааны тасгуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.
Тодруулбал дуслын шахуурга, отсос, утлагын аппарат, сувилагчийн тэргэнцэр, яаралтай тусламжийн цүнх, хүүхдийн хяналтын монитор, pulse oximeter rad-G гэх мэт нэн яаралтай тусламжийн 20 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ММСУХ-ны ерөнхийлөгч тод манлай уяач Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр, Сэлэнгэ аймгийн харьяат Монгол Улсын манлай уяач Б.Эрдэнэгэрэл нар өнөөдөр эмнэлгийн удирдлагуудад гардуулан өгсөн юм.
ММСУХ нь томоохон уралдаан, арга хэмжээнүүдийнхээ дараа хүүхэд болон хүүхдийн байгууллагад чиглэсэн хандивын ажлыг шат дараатай зохион байгуулдаг бөгөөд ЭХЭМҮТ-д энэ удаа хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж нь анхных бус дахин хандивлаж байгаа явдал юм. Энэ удаагийн хандив маань ханиад томуугийн ачаалалтай үед нүдээ олсон, маш том дэмжлэг болж буйг эмч удирдлагууд онцолж байлаа.
|
Эх сурвалж
| ММСУХ
|
АДМИН








Нийгэм









