Гандантэгчэнлин хийдээс эрхлэн гаргадаг цаг тооны бичиг хэвлэгдэн гарсан тухай Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбатаас тодрууллаа.
Энэ жил Гандантэгчэнлин хийдээс эрхлэн гаргадаг цаг тооны бичиг нэлээд эрт худалдаанд гарчээ?
Гандантэгчэнлин хийдээс уламжлал болгон эрхлэн гаргадаг Төгс Буянт зурхайн тооллоор тооцоолон бодсон XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн цаг тооны бичиг энэ жил он гаргахаас нэлээд эрт бэлэн болж, уншигч олондоо хүрч эхэллээ. Судар номын тооцоолол, цагийн нарийн заслыг эртнээс хийж, ард олондоо амжуулан хүргэх үүднээс ийнхүү эрт гаргасан юм. Энэ удаа 4 өөр төрлөөр хэвлэгдэн гарсан.
Бусад цаг тооны бичгээс ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
Манай Төгс Буянт зурхайн цаг тооны бичиг нь олон зуун жилийн уламжлалт тооцоолол, зурхайн ухааны язгуур сурвалжид тулгуурласан гэдгээрээ онцлог. Жил бүр шороон үхрийн шинжээр тухайн жилийн байгаль цаг уур, улс төр, нийгэм, эдийн засгийн төлөвийг шинжлэн гаргадаг. Мөн дөрвөн улирал, сар, өдрийн өнгийг нарийн тооцоолж, ард иргэд аливаа ажил үйлээ цэгнэн төлөвлөхөд чиглэсэн гарын авлага болдгоороо давуу.
Айл гэр, хувь хүний амьдралд хэрэг болохуйц ямар мэдээллүүд багтсан бэ?
Айл гэрийн эзэн, ноён нуруу болсон хүмүүний ажил үйл, буян ном, засал номын хөтөч болсон цаг хугацааны нарийн задаргаа бий. Түүнчлэн хүн бүрийн заавал мэдвэл зохих сүлд өдөр, час өдөр, амин өдрийг тухайлан нарийн тооцоолон гаргасан нь манай цаг тооны бичгийн бас нэг чухал онцлог юм. Эдгээр нь эртний зурхайн ухааны шинжлэх ухаанч үндэслэлтэй тооцоолол байдаг.
Цаг тооны бичиг бол монголчуудын уламжлалт оюуны өв, цагийн ухааны хураангуй билээ. Ард түмэн маань үүнийг зөв зохистойгоор хэрэглэж, ажил үйлээ цэгнэж, буян номын ажлаа тохируулан явах нь ихээхэн ач холбогдолтой.
Худалдаах цэг: Батцагаан цогчэн дуганд, Гандан 1, 2 дэлгүүр
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|
АДМИН








Нийгэм









