МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “2021 оноос хойш МИАТ компани таван онгоцтой үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдрийн байдлаар 10 онгоцтой болсон байна. Мөн миний бие сүүлийн сар гаруйн хугацаанд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьж байгаа. Үүнтэй холбож эргүүлж мушгиад байх шиг байна. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй их юм яригдлаа. МИАТ компанийн захирлыг шахаад баахан бүлэглэлүүд ажлыг нь авах гээд байгаа мэт юм яриад байх шиг байна. Тийм зүйл огт байхгүй. 2022-2024 оны үед С.Бямбацогт зам тээврийн сайдаар ажиллаж байсан. МИАТ компанийн өөрчлөлт шинэчлэлүүдийг хамтарч хийсээр ирсэн. 2020-2021 оны хугацаанд МИАТ компани 2000-2500 орчим нислэг жилдээ хийдэг байсан бол 4500 орчим нислэг хийдэг болсон байна. Мөн жилдээ зорчигчдын тоо 700 мянга байсан бол 1 сая орчим болж өссөн байна. 500 тэрбумын орлого олдог байсан бол 1 их наяд төгрөгийн орлого олдог болсон байна. Мөн бодлогын түвшинд транзит зорчигчдын тоог нэмэх шаардлага үүсээд байгаа. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар дөрвөн жил ажиллалаа. Энэ нь 1993 оноос хойш МИАТ компанид хамгийн урт хугацаанд ажилласан гүйцэтгэх захирал нь би юм байна. Одоо өөр чиглэлд хувь хүнийхээ карьерыг хөөе. Аж ахуйн ажлаас хөндийрье. Бодлогын түвшинд ажил эрхэлье л гэсэн бодолтой байна. Одоогоор жилийн эцсийн тайлан гараагүй байгаа. 2011 оноос хойш хөдлөөгүй байсан МИАТ-ын тарифыг 2022 онд 10-41 хүртэлх хувиар хямдруулсан байгаа. Энэ дунд зардлууд нэмэгдсэн ч гэсэн тарифаа нэмээгүй явж байгаа. Мөн орон нутгийн нислэгийг 2023 он долоодугаар сарын 1-нээс сэргээсэн. Орон нутгийн нислэг цаашдаа хөгжүүлэлт хийгдээд явах нь ойлгомжтой. Ер нь шинээр чиглэл нээж ажиллана гэдэг тогтворжуулах бойжуулах нэгээс хоёр жилийн хугацаа заавал байдаг. Өнөөдрийн алдагдалтай байгаа нь ирээдүйн том тэлэлтийн эхлэл нь шүү дээ. Цаашдаа МИАТ компани алзахгүй л гэж бодож байгаа" гэлээ.
Б.БИЛГҮҮН








Нийгэм









